Махны экспортоос 400 тэрбумын орлого олжээ

Эдийн засаг сэргэж, Засгийн газрын үйл ажиллагаа эрчээ нэмэн ард түмний амьдрал ахуйд нааштай шийдвэрүүд баталж, өмнөх ажлын үр дүн ч эерэг сайнаар эхнээсээ гарсаар байна.

МАН-ын 2016 оны УИХ-ын сонгуульд нэрлэн оруулсан мөрийн хөтөлбөрт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, энэ салбарын орлого ашгийг нэмэгдүүлэх тухай заалт өнөөдөр биеллээ олж өнгөрөгч 2018 оны нэгдсэн дүнгээр махны экспортоос 400 тэрбум төгрөгийн орлого улсдаа оруулснаа мэдээллээ.

2018 онд 54.9 мянган тонн мах экспортод гаргасны 37.3 мянган тонн нь хөлдүү, 17.6 мянган тонн нь дулааны аргаар боловсруулсан мах байжээ. Энэ тоог малын тоо толгойд шилжүүлбэл 4-5 сая толгой мал экспортолсон гэсэн үг. Манай улс өнгөрсөн жил экспортоос 160 сая доллар орчим буюу 400 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Цаашид мал, махны чанарыг сайжруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малаас гарч буй бусад дайвар бүтээгдэхүүнийг сайжруулах, экспортлох боломжийг сайжруулах бодлогыг ХХААХҮЯ-наас хэрэгжүүлэх юм байна.

Өмнөх жилүүдэд хэрэглээнээс давсан мах зах зээлд нийлүүлдэг байсан болохоор үнэ харьцангуй хямд, тогтвортой байсан бөгөөд махыг эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортын хэмжээ өссөнөөр зах зээлийн зарчмын дагуу үнэд нөлөөлсөн байна.

Гэхдээ зөвхөн энэ шалтгаанаар үнэ өссөн гэвэл ташаа ойлголт. Учир нь шатахууны үнэ өссөнөөс тээвэрлэлтийн зардал нэмэгдэн махны үнэд нөлөөлсөн тухай ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Энх-Амар тайлбарлав.

Монголчууд жилд дунджаар 10-12 сая толгой мал буюу 300-400 мянган тонн махыг хүнсэндээ хэрэглэдэг. Бид дотооддоо энэ хэмжээний махны хэрэгцээг бүрэн хангаад, цаашид өссөн сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нийт 180 гаруй мянган тонн мах экспортлох боломж байгаа юм байна. Эрчимжсэн мал ахуйг хөгжүүлж, малаа эдийн засгийн эргэлтэд оруулъя гэж олон жил ярьсан манай улсын хувьд сүүлийн үед гадаад зах зээлд махны эрэлт ихэссэн нь том боломж. Цаашид ч боломжийг ашиглах хэрэгтэй гэдгийг салбар яамныхан үзэж буй.

Махны үнийг тогтворжуулахаар ХХААХҮЯ-ны болон холбогдох газруудын төлөөлөл багтсан Ажлын хэсэг гарсан бөгөөд махны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх замаар үнийг тогтворжуулах, шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Шадар сайдад танилцуулсан байна. Шадар сайд танилцсаны дараагаар махны үнийг тогтворжуулах арга хэмжээний тухай олон нийтэд албан ёсоор мэдээлэх аж.

 

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. zochin says

    Жилдээ тэрбум төгрөг олох зорилт тавьсан дээр дээ. Малчид мөнгөжөөд ирэхээрээ арьс ноосоо чанартай бэлдэж нийлж үйлдвэр байгуулах эх үүсвэртэй болно. Худалдаачидтайгаа хамтарна. Тэгээд арьс боловсруулах үйлдвэрээ тэд нар маань хийвэл жинхэнэ зөв замдаа орно доо. Түүнээс биш хэн нэг даргын хамаатан Хөгжлийн банкнаас зээл авч арьс ширний үйлдвэр гэвэл хэзээ ч зөв болохгүй шүү.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.