Шөнө хуралдсан чуулганы хуралдаанд хэн хэн юу хэлэв

Улсын Их Хурлын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаан 77.3 хувийн ирцтэйгээр 02 цаг 12 минутад эхэлж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

Хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцууллаа.

Үүний дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:Хоёр сар гаруйн хугацаанд хуралдахгүй байж байгаад маш чухал хууль орж ирэхээр ярих хүнгүй болсон нь сонин байна. Эрх баригчдын талцлаас үүдэн Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллагын дархлаа суларч байгаа нь туйлын үнэн. Энэ 75 гишүүн дотроо харамсаад сууж байгаа гэдэгт итгэхгүй байна. Гэхдээ нэг хүнийг огцруулахын тулд энэ хуулийг санаачилж байгаа гэдэгт би итгэхгүй байна. Би энэ хуулийг хэлэлцэхийг дэмжинэ гэж хэлсэн.

УИХ-ын гишүүн М.Билэгт:Ард түмнээсээ уучлалт гуймаар байна. Ард түмэн 2016 онд 65 суудал МАН-д өгсөн. Монгол Улсын төрийн эрх дээд байгууллага хоёр сар шахам гацаалаа. УИХ-ын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг бид шөнө дөл хуралдахгүйгээр хэлэлцэх боломж байсан.Бид дэндүү арчаагүй байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд:Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл зөвлөмж гарсан. Гадаа -30 хэм, олон хүн гэр бариад талбай дээр буусан үед Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хуралдахаас өөр арга байгаагүй. УИХ-ын чуулган сар гаруй хуралдаагүй гацсан, талбай дээр хүмүүсийг хонуулахгүй, дараагийн удаа жагсаал хийлгэхгүйн тулд танхимд дотроо асуудлаа яриад, нэн даруй хэлэлцээд явдаг байхаар санал болгосон. Энэ зөвлөмжийг гишүүд анхааралдаа авч, хурдан баталж өгвөл сайн байна. Энэ хууль бусад хуулийн нэгэн адил удаан үргэлжлэх байх. Хэрэгцээгүй гэж бодож байгаа бол УИХ хүчингүй болгож болно. Нэг хүнд зориулсан хууль байдаггүй.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:Өмнө нь утааны эсрэг жагсаал болдог байсан бол одоо УИХ-ын даргыг огцруулахын тулд жагсдаг болж.Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн хуралдаанаар утааны асуудал ярьсан уу. Энэ хууль нэг хүнд зориулсан юм уу, нийтийнх юм уу.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:Бид нар дур зоргоороо ярьдаг болсон. Энэ асуудал Л.Болд мэтэд хамаагүй л дээ. Л.Болдын үгэнд итгэж дэмжиж байгаа нь харамсалтай. Өдөр Н.Номтойбаяр бид хоёрыг 200 цэрэг бэлдсэн цуст мөргөлдөөн хийх гэж байна гэж хүртэл худал ярьсан. Энэ талаар хэнээс юу сонссон тухайгаа бичгээр надад мэдэгдээрэй. Хэрэв нотолж чадахгүй бол би өргөдөл гаргана шүү. Мэдрэл муутай хүмүүсийн үг яриа үйлдэлд бид автаж хөөрхий 64 гишүүн дотроо хуваагдсан нь үнэхээр харамсалтай.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:Л.Болд гишүүн УИХ-ын даргын гурван хуудас шаардлагыг 30 хуудас гэж хүртэл яриад ингэж худал ярихаа боль. Юундаа яарч шөнө дөлөөр батлах гэж яараад байгаа юм. Хүзүү дагуулж гуя оруулж ирсэн шүү. Арга буюу л өнөөдөр л хэлэлцэж байна. ҮАБЗ-өөс оруулж ирсэн зөвлөмжийг хүндэтгээд асуудлыг хэлэлцэж байхад шөнөдөө хуулийн төслийг баталъя гэж дайраад байх юм.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 57 гишүүний 54 нь буюу 97.4 хувийн саналаар хэлэлцэхийг дэмжиж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

 

 

Санал болгох мэдээ

СХД-ийн 12 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн барилга 1948 онд ашиглалтад орсон бөгөөд …