Ц.Цолмон: Жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргын хариу тайлбарыг сонсоогүй

Өнөөдөр /2019.01.10/ Д.Сүхбаатарын талбайд болж байгаа жагсаалд оролцож буй УИХ-ын гишүүд, жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзсантай холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрбээр”Сэтгүүлчдэдээ энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэн мэдэж байгаа, өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал цуглаан болж байна. УИХ-ын гишүүд жагсаалд оролцож байгаа. Түрүүн УИХ-ын гишүүд болон жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай ирж уулзсан. Энэ талаар товчхон мэдээлэл өгөх гэсэн юм. Ямар нэгэн байдлаар улстөрийн өнцгөөс ярихгүй. УИХ-ын Тамгын газар төрийн захиргааны байгууллага. Би тэр үед ажил үүргийнхээ хүрээнд УИХ-ын даргатай хамт байлцсан учир УИХ-ын даргын өрөөнд чухам яг юу болсон бэ гэдэг талаар товч мэдээлэл өгье.

14.30 минутад над руу Т.Аюурсайхан гишүүн залгасан. УИХ-ын гишүүд, жагсагчдын төлөөлөл УИХ-ын даргатай уулзах хүсэлтэй байна гэсэн. УИХ-ын гишүүд хэзээ ч, ямар ч үед УИХ-ын даргатай уулзах эрх, боломж нээлттэй байдгийг би хэлсэн. Тэгэхэд “Бид нар гишүүдээрээ ормооргүй байна. Жагсагчдын төлөөлөлтэй хамт ормоор байна” гэдэг шаардлага тавьсан. Түүний дараа Т.Аюурсайхан гишүүнтэй таван удаа, Л.Оюун-Эрдэнэ гишүүн мөн надтай утсаар хоёр удаа холбогдсон.

УИХ-ын дарга М.Энхболдод энэ асуудлыг танилцуулсан. Жагсагчдын төлөөлөл, төрийн бус байгууллагын төлөөлөл нийтдээ есөн хүн УИХ-ын даргатай ирж уулзсаныг та бүхэн мэдэж байгаа. Уулзалтаас гарч ирээд ямар мэдээлэл, мэдэгдэл хийснийг би мэдэхгүй байна. Ер нь УИХ-ын даргын өрөөнд ямар үйл явдал өрнөсөн бэ гэдэг талаар би албан ёсны, нэмэлт хачир байхгүй мэдээлэл өгье.

УИХ-ын даргад өмнө нь шаардлага тавьсан байсан. Нэг хуудас. Тэр шаардлагад тодорхой үндэслэлүүдийг тавьсан. УИХ-ын дарга тэр шаардлагын дагуу албан ёсны хариуг гардуулж өгсөн. УИХ-ын дарга шаардлагын хариу өгч байгаатай холбогдуулан ярилцах бодолтой, төлөвлөгөөтэй байсан. Гэвч УИХ-ын даргын тайлбарыг хүлээж аваагүй. Шаардлагын хариу гурван хуудас материал байгаа. 30 хуудас материал биш.

Гэвч УИХ-ын даргын хариултыг орж ирсэн хүмүүс сонсоогүй. Энэ үеэр УИХ-ын гишүүдтэй хамт орж ирсэн хүмүүс УИХ-ын дарга руу дайрсан. Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд энэ үйл ажиллагааг таслан зогсоосон. Энэ нь Төрийн ордны хамгаалалтын тухай, Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль болон Төрийн ордонд мөрдөгдөж байгаа хууль журмыг зөрчсөн үйлдэл боллоо гэж үзэж байна”гэв.

Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд сэтгүүлчийн асуултад хариуллаа.

– Энэ хүмүүст хариуцлага тооцох уу?

– Хариуцлага тооцох, эсэхийг би мэдэхгүй. УИХ-ын дарга төрийн тусгай хамгаалалтад байдаг гурван албан тушаалтны нэг. Ямар ч байсан энд баривчлах, саатуулах үйл ажиллагаа болоогүй. Тэр хүмүүс гараад жагсаалдаа оролцоод явсан гэж би ойлгосон.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.