Б.Ганхуяг: Ирэх дөрөвдүгээр сард “1072” хувьцааны ногдол ашгийн хэмжээ тодорхой болно

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас өнөөдөр 2018 оны ажлын тайлангаа танилцуулж, 2019 онд хийх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.

“Эрдэнэс-Тавантолгой”ХК 2018 онд 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийн бүрэн төлж дуусгасан байна. Мөн өнгөрсөн онд улсын төсөвт 510 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 720 тэрбум төгрөгт хүргэж төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлсэн гэдгийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээллийнхээ эхэнд онцоллоо.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг

“2017 оны нэгдүгээр улиралд “Чалко”компанид нэг тонн нүүрсийг 59.33 ам доллараар нийлүүлж байсан бол 2018 оны хоёрдугаар улиралд 61.0 ам доллараар нийлүүлсэн. Харин энэ оны нэгдүгээр улирлаас 63.32 ам доллар болгож нэмэгдүүлснээр үнийг 2.5 дахин өсгөлөө.

Мөн Цанхийн баруун уурхайн 2016 оны 1-р улиралд 23.2 ам.доллар байсан үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар 71.25 ам.доллар болгон нэмэгдүүлж, коксжих нүүрсний 20 гэрээ, исэлдсэн нүүрсний 7 гэрээг тус тус байгуулсан нь өндөр үр ашигтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлсэн.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Улсын Их Хурал, Засгийн Газраас компанийг олон улсын зах зээлд IPO гаргах үүргийг өгснөөс хойш ордыг ашиглах ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж, дэд бүтцийн төслүүд-(НБҮ, усан хангамж, төмөр зам, авто зам, Цахилгаан Станц)-ийг хөдөлгөх тооцоо, судалгааг хийж, зарим ТЭЗҮ-ийг батлуулахад бэлэн болгож, олон улсын 4 зөвлөх, нэмэлтээр санхүүгийн байгууллага, шинжээчидтэй хамтрах ажлуудыг зохион байгуулах зэргээр төслийн нэгдүгээр шатанд хийгдсэн ажлын тайланг УИХ-д мэдээлж, танилцуулахад бэлэн боллоо.

Өнгөрсөн оны тавдугаар сард байгуулагдсан “1072 хувьцаа мэдээллийн төв”-өөр дамжуулан давхардсан тоогоор 1.25 сая иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 500 мянга гаруй иргэд үнэт цаасны дансаа нээлгэх боломжийг бүрдүүлж өглөө.

2018 онд ажилчин, уурхайчдынхаа цалинг 21 хувиар нэмэгдүүлж, шөнийн ээлжид ажиллаж байгаа ажилчдынхаа нэмэгдлийг 50 хувиар өсгөж,урамшуулалт болон үндсэн цалингийн санг нэмэгдүүлсэн.

Бид 2019 онд дэлхийн зах зээлд өрсөлдсөн, шинэ бизнесийг нээсэн хөгжлийн жил болгоно. Дэд бүтцийн төслүүдээ хөгжүүлж эхэлнэ. Гашуунсухайт төмөр замын зогссон ажлыг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ. Энэ ажил одоогоор 70 гаруй хувьтай явж байгаа. Мөн Гашуунсухайт автозамын паралел замын ажилд оролцож, ажлыг дөрөвдүгээр сараас эхлүүлнэ.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г бүрэн шинэчилж, барилгын ажлыг эхлүүлнэ. Ус хангамжийн асуудлыг шийдвэрлэх үүднээс ТЭЗҮ-г боловсруулаад дууссан. Тавантолгой Зүүнбаян төмөр замын төсөл дээр анхаарлаа хандуулж байгаа. Тавантолгойн цахилгаан станц, Ханги-Мандал зэрэг төслийг гурван төрлөөр санхүүжүүлнэ. Эхний үед компанийн дотоод нөөцөөр санхүүжүүлнэ. Хоёрт, Засгийн газраас өгсөн үүргийн хүрээнд олон улсын зах зээлд хөрөнгө босгож, түүгээр санхүүжүүлнэ. Гуравт, хөрөнгө оруулагчтай хамтран ажиллаж санхүүжүүлнэ” гэж мэдэгдлээ.

“Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Өмнөговь аймагтай хамтран ажиллах гэрээ байгуулж ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, ногоон байгууламжийг байгуулж өгөхөөр болсон байна.

Тус компани 2018 онд 8000 жолоочийн нийгмийн даатгалд хамруулжээ.Энэ онд “Алтан боомт-саятан жолооч” төсөл хэрэгжүүлнэ. Мөн ирэх онд манай улсад зохион байгуулагдах “Азийн хүүхдийн наадам”-ыг ивээн тэтгэхээр болсон гэдгээ дуулгалаа.

Олон нийтийн анхаарлын төвд байгаа 1072 хувьцааны иргэдэд олгох ногдол ашгийн хэмжээг дөрөвдүгээр сард болох хувьцаа эзэмшигчдийн хурлаараа тодорхой болгох аж.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.