С.Мөнхбаяр Засгийн Газрын албан мэдээллийг мушгин гуйвуулж олон нийтэд хүргэжээ

Арваннэгдүгээр сарын 28-ны Засгийн газрын хуралдаанаас 140 гаруй километрын цуваа үүсгэсэн Тавантолгойгоос Гашуунсухайт, Ганцмод боомтын чиглэлийн уртын урт цувааг цуцалж, урт-богино болгох шийдвэрийг гаргасан. Харамсалтай нь, асуудлын гол цэг болсон Өмнөговь аймгийн Засаг даргын Уул уурхай, дэд бүтэц, байгаль орчны асуудал хариуцсан орлогч С.Мөнхбаяр Засгийн газраас гаргасан дээрх шийдвэрийг үгүйсгэсэн. Тухайн үед орон нутгийн хариуцлагатай албан тушаалтны шийдвэр Өмнөговь аймгийн хэмжээнд яригдаад өнгөрсөн боловч Засгийн газрын хэмжээнд хүрээгүй аж.

Асуудлыг эргэж тодруулбал, Засгийн газрын хуралдаанаас уртын урт тээврийг цуцаллаа гэсэн мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлсний дараахан С.Мөнхбаяр “Ямар ч гэсэн гал унтраах арга хэмжээ авчээ. Гэхдээ доторх бичсэнийг нь харахад худлаа бөгөөд зохион байгуулалттай зүйл ч бичжээ” хэмээн өөрийн хувийн аккаунтаар олон нийтэд түгээсэн юм.

Засгийн газраас гаргасан шийдвэр, тушаалыг өөрийн орон нутагтаа хэрэгжүүлж, олон нийтэд сурталчилж ажиллах ёстой хариуцлагатай албан тушаалтны энэхүү үг үйлдэл орон нутгийн удирдлагууд болон иргэдийн дунд ойлгомжгүй байдал үүсгэсэн юм. Төрд итгэх иргэдийн итгэл буурсаар байгаа энэ үед Засгийн газрын шууд удирдлага доорхи бүтцийн байгууллага болох аймгийн засаг даргын тамгын газрын хариуцлагатай албан тушаалтан ийнхүү мэдээлэл хийсэн нь Засаг дарга болон тамгын газар нь ийм байр суурьтай байна гэсэн ойлголтыг орон нутагт төрүүлсэн.

Гэтэл бодит байдал арай өөр байжээ. С.Мөнхбаяр нь улстөрчийн хувьд У.Хүрэлсүхийн засгийн газрыг унагаахаар тэмцсэн МАНАН бүлэглэлийг буюу Засаг огцруулах албан бичгийг өргөн барьсан УИХ-ын 27 гишүүний үзэл санааг дэмжигч нэгэн аж. Энэ талаар орон нутагт ил далд үзэл бодлоо илэрхийлж байгаа бөгөөд тухайн үед орон нутгаас Засгийн газрыг харлуулсан бас нэгэн үйлдэл хийсэн бололтой. Тийм ч учраас тун хэвлүүхэн Засгийн Газрын хуралдааны шийдвэр болон Засгийн Газрын албан мэдээллийг мушгин гуйвуулж олон нийтэд хүргэжээ.

Төрийг тогтвортой ажиллуулах, төрийн албанд сахилга хариуцлагыг дээшлүүлэх, төрд шударга ёсыг тогтоохын төлөө ажиллаж байгаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн эсрэг энэ мэт жижиг тэмцлийг орон нутгийн түвшинд эхлүүлж байгаа нь харамсалтай. С.Мөнхбаяр нь засаг даргын орлогчоос гадна Өмнөговь аймгийн МАН-ын хорооны орон тооны дэд дарга, “Таван Толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга, Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Аймгийн уяачдын холбооны тэргүүн гэх мэт төр, аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллагын олон албан тушаалыг зэрэгцүүлэн хашдаг нэгэн ажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайдынхаа эсрэг, Засгийн газрыг худал бөгөөд зохион байгуулалттай мэдээлэл түгээж байгаа хэмээн мэдэгдсэн С.Мөнхбаяр нь нэг ч удаа бизнес эрхэлж үзээгүй боловч сүүлийн хоёр жилийн дотор Өмнөговийн толгой баячуудын нэгд тооцогдох болсон хөрөнгөлөг нэгэн аж. Түүнийг аймгийн хэмжээнд зарлагдсан тендерүүд, “Таван Толгой” ХК-ийн нүүрс худалдах гэрээг баталж өгснийхөө хариуд гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгжээс их хэмжээний хахууль авч хөрөнгөжсөн хэмээн эх сурвалж мэдээлж байгаа юм. Бид энэ талаар эрэн сурвалжилж мэдээлэх болно. Баттай мэдээллээр бол С.Мөнхбаярын хамаарал бүхий этгээдүүд “Таван Толгой” ХК, Өмнөговь аймагт томоохон бизнесүүдийг эрхэлж, их хэмжээний ашиг орлого олсоор байгаа ажээ. С.Мөнхбаярын нөлөөгүй нэг ч тендер аймагт шийдэгддэггүй бөгөөд сүүлийн үед тэрбээр аж ахуйн нэгжүүдийн ажлыг зогсоож, дараа нь их хэмжээний мөнгө нэхэж дарамталдаг болсон тухай ноцтой баримтууд байгаа аж. С.Мөнхбаярын санхүүгийн хэмжээгүй эрх мэдэл, хууль бус үйлдлийн талаар Өмнөговь даяар яригдаад удаж байгаа боловч аймгийн удирдлагууд ямар нэгэн арга хэмжээ авч ажиллаагүй байна. Харин шударга ёсны төлөө тэмцэж, тендерийг шударгаар явуулах, хууль бус томилгоо хийхгүй байх шаардлага тавьсан зарим төрийн албан хаагч “Үг сонсохгүй байна” гэсэн шалтгаанаар ажлаасаа халагдаж эхэлсэн байна. Бид энэ талаар цувралаар баримттай мэдээлэх болно.

Ц.Баатар

Эх сурвалж:zindaa.mn

 

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …