НМХГ:Хүүхдийн бэлэг сонгохдоо хаяг шошго, хадгалах хугацааг нь заавал шалгаж худалдан аваарай

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 3-ны өдрөөс эхлэн шинэ жилийн баярын урьдчилсан сэргийлэх хяналт шалгалтыг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд дөрвөн чиглэлээр хийж гүйцэтгэжээ.Уг шалгалтаар илэрсэн зөрчлүүдийн талаар өнөөдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.
Шалгалтад шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулах ресторан, зоогийн газрууд, хүнсний худалдааны төвүүд, өндөг хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг газруудыг хамруулжээ.

Урьдчилан сэргийлэх шалгалтад 85 аж ахуйн нэгж, 132 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагдсан байна. Шалгалтаар 116 зөрчил илэрчээ. Тухайлбал, Барс, Алтжин, Бөмбөгөр худалдааны төвүүдэд хаяг шошгын зөрчилтэй 39 гаруй сая төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг татан авсан байна. Мөн эдгээр газруудаас хадгалалтын хугацаа нь дууссан 22 төрлийн 1.2 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг устгажээ. Шалгалтын явцад үйлдвэрлэсэн хугацааг нь тавиагүй бялуу илэрчээ.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш“Шинэ жилийн үеэр ард иргэд маань их хэмжээгээр хоол хүнсээ бэлтгэдэг. Ингэхдээ салат хийсэн бол хөргүүртэй нөхцөлд хадгалж хэвшмээр байна.

Хоёрдугаарт, бэлэг сонголтын асуудал жил бүр яригддаг. Манайхан хүүхдүүд болон хамт олондоо бэлэг сонгож өгдөг. Сонгосон бэлгэн дотор тань хүнсний бүтээгдэхүүн байгаа бол хаяг шошго, хадгалах хугацаа зэргийг заавал харж, шалгаж худалдан аваарай.Мөн хаана, хэзээ үйлдвэрлэсэн нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүнийг гар дээрээс худалдаж авдаг. Үүнээс шалтгаалан хоолны хордлогот халдвар гарахыг үгүйсгэхгүй. Хяналт шалгалтаар явж байхад гарал үүсэл нь тодорхойгүй, хугацаа дууссан, хаяг шошгоны зөрчил хамгийн түгээмэл гарч байна. Эдгээр тохиолдолд газар дээр нь арга хэмжээ авч, буцаан татах болон устгуулах арга хэмжээ авч байгаа” гэлээ.

Хяналт шалгалт арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх тул иргэд зөрчлийн мэдээллийг НМХГ, харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст өөрийн биеэр болон 70128012 дугаарын шуурхай утсанд цаг алдалгүй өгөх боломжтой юм байна.

ЗӨВЛӨМЖ

-Стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан орчноос хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, хүүхдийн бэлгийг сонгон авахдаа гарал, үүсэл баталгаажилт, хаяг шошго, хадгалалтын хугацаа, сав баглаа боодлын бүрэн бүтэн байдлыг шалган авч, сонголтоо зөв хийх;

-Гудамж талбайд ил задгай болон автомашин дээрээс гарал үүсэл тодорхойгүй, шинжилгээ баталгаажилтгүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байж хоол хүнснээс шалтгаалах хордлого, хордпогот халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэх;

-Ресторан зоогийн газрын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагууд дотоодын хяналтыг чангатгах, үйл ажиллагаандаа эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлыг мөрдүүлэх, хоол үйлдвэрлэлийн газрын хүчин чадлыг тооцож хүлээн авалт зохион байгуулах, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан баталгаажилттай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн хэрэглэх, батлагдсан жор технологийн дагуу мэргэжлийн ажилтнаар хоол үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх;

-Шингэрүүлсэн шатдаг хий /газ/ хэрэглэгч айл, нийтийн хоолны газрууд хийтэй баллоныг ашиглахдаа халаах хэрэгслээс 1.5 метрээс багагүй зайд байрлуулж, аюулгүй байдлаа хангаж ажиллах,

-Хүйтний улиралтай холбогдуулан халаалтын зуух даралтат савны ажиллагаа эрчимждэг тул гэрийн болоод үйлдвэрийнхээ зуух, даралтат савны ажиллагаанд техникийн магадлал хийлгэж, аюулгүй байдлаа хангаж ажиллахыг зөвлөж байна.

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …