Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хамгийн хөнгөн зүйл ангиар шийтгэх гээд байна

Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Б.Махбал тус яамны газрын дарга Т.Гомбосүрэнгийн аминд хүрсэн хэрэг наймдугаар сарын 9-ний өдөр гарсан. Хэрэг гарснаас хойш талийгаач Т.Гомбосүрэнгийн ар гэрийнхэн өмгөөлөгчийн хамт хоёр дахь удаагаа мэдээлэл хийлээ.

Талийгаачийн аав Р.Төмөрхуяг“Би 49 хоног дээр нь мэдээлэл хийж байсан. Үүнээс хойш хоёр сарын хугацаа өнгөрлөө.Хуулийнхан үнэн мөнийг олчих болов уу гэж хүлээсэн. Бодсоноор болсонгүй. Хуулийн байгууллага энэ хэргийг үнэн зөвөөр шийдэх байх бодож байсан. Гэтэл сүүлийн өдрүүдэд итгэл алдарлаа. Мөрдөн байцаалтын ажиллагааг гүйцэд явуулсангүй.Зарим нотлох баримт байхад лавшруулж, мэдээлэл авсангүй.

Бидний сэтгэлд хүрэхгүйгээр хэргийн материал бүрдүүлээд прокурорт өглөө. Прокурор их богино хугацаанд бидэнд мэдэгдэхгүйгээр хэргийг шүүхэд шилжүүлэхээр болсон байна. Прокурор зүйлчлэлийг нь буулгаад, хөнгөрүүлээд, хамт хэрэгт авагдаж байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгож, Б.Махбалыг хамгийн хөнгөн зүйл ангиар шийтгэх гээд байгаад ойлгохгүй байна.Энэ хэрэг бол албан тушаалын хэрэг. Зориуд санаатайгаар хүүгийн маань амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэж үзэж байсан.Энэ бодол санааг Зам тээврийн хөгжлийн дэд сайд асан Т.Цогтгэрэл нотлоод өгсөн, саяхан. Хэргийг хөнгөн маягаар шийдэх гээд байна.

Миний хүү хуульч хүн байсан, үнэнчээр ажиллаарай л гэж хэлдэг байсан. Үнэнч шударга, ажил бүрт идэвхтэй оролцдог, хүнд тустай тийм л хүн байсан. Шударга тал нь дийлсэн хүн. Тийм ч хүмүүжлээр хүмүүжүүлсэн.

Хууль хяналтын байгууллага хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөлгүй тоглоом болгоод өнгөрөх гэж байгаад харамсаж байна. Үнэн зөвийг нь олохын төлөө өөрийн чадах бүхнээ хийх болно. Хууль зүйн сайдад хугацаатай шаардлага хүргүүлнэ. Цагдаагийнхан хэргийн нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, прокурор дээр очихоор зүйл ангийг нь буулгаж байна” гэсэн юм.

Харин өмгөөлөгч З.Хүрэлсүх “Мөр зэрэгцэн ажиллаж байсан өмгөөлөгч нөхрийнхөө хэргийг үнэн зөв шийдэгдээсэй гэж хүсч байлаа. Мөрдөн шалгах хугацаанд өмгөөлөгч нарын зүгээс олон хүсэлт, асуулт тавьсан. Заримд нь хариу илгээлгүй шүүхийн шатанд шилжүүлж байгааг хэвлэл мэдээллээс мэдлээ. Хэргийн хувьд шалган шийдвэрлэж байгаа хүмүүс хуулийн дагуу шалгахад ээдрээ, түвэг үүсэх магадлал бараг байхгүй. Харамсалтай нь мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Бидний хувьд мөрдөн шалгах ажиллагааг нэмж явуулахыг санал болгож байсан боловч хүлээн авсангүй.Хэргийг ажил албан тушаалтай нь холбогдуулан амь насыг нь хөнөөсөн байх магадлал байгаа учир энэ талын хүсэлтийг аравдугаар сард илгээсэн. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна гэж хүлээн аваагүй. Гэтэл энэ хугацаандаа хэргийг прокурорт шилжүүлсэн байгаа нь хэргийг шийдвэрлэх гэж хэт яарч байна гэсэн хардлагыг төрүүлж байна” гэлээ.

 

 

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …