“Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” сэдэвт симпозиум болно

Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, Монголын Эмнести Интернэшнл хамтран “Хүний эрхийн соёлыг бэхжүүлэх нь” сэдэвт симпозиумыг 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Энэхүү симпозиумд хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, боловсролын салбарын ажилтан, албан хаагч, багш, сурган хүмүүжүүлэгч, эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан, сэтгүүлч, бизнес эрхлэгч, хуульч, хууль сахиулагчид, хөдөө орон нутгийн төлөөлөл нийт 120 гаруй хүн оролцож, хүний эрхийн боловсролыг олгож, түгээж буй тогтолцоо, механизмыг хэрхэн сайжруулах, хэрхэн хүртээмжтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж, санал бодлоо солилцохын зэрэгцээ эрхээ мэддэг иргэдийг төлөвшүүлэх, хөгжүүлэх чиглэлээр санал санаачилга, шийдлийг эрэлхийлэх болно.

Боловсролоор дамжуулан Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалах тогтолцоог бэхжүүлж, иргэдийн хүний эрхийн боловсролыг дээшлүүлэхэд энэ удаагийн симпозиум тодорхой хувь нэмэр оруулах бөгөөд хүний эрхийг хангах нь Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх арга зам билээ.

Хүний эрхийн боловсрол нь аливаа хамт олон төдийгүй нийгэмд хүний эрхийг бодитойгоор хэрэгжүүлэх, хамтын үүрэг хариуцлагаа ойлгон ухамсарлах явдлыг хөгжүүлэхийг зорилгоо болгодог. Ингэснээр хүний эрхийн зөрчил болон мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, тэгш эрх ба тогтвортой хөгжлийг хөхиүлэн дэмжих, ардчилсан тогтолцоон дахь шийдвэр гаргах үйл явц дахь оролцоог нэмэгдүүлэх зэрэгт хувь нэмрээ оруулдаг.

Хүний эрхийн боловсролын талаар зохион байгуулж буй энэ удаагийн симпозиумаар одоогийн хэрэгжилтэнд судалгаа үнэлгээ хийж, дэмжлэг үзүүлэх, амжилттай хэрэгжиж буйг нь онцлох, тэдгээрийг үргэлжлүүлэх буюу өргөжүүлэх, шинэ хөтөлбөр боловсруулах явдлыг дэмжих юм.

Дэлхий дахинд хүний эрхийн зарчмуудын талаарх мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн ололт, амжилтад хүрсэн. Харин манай оронд албан болон албан бус боловсролын тогтолцоогоор хүний эрхийн боловсролыг тодорхой хэмжээгээр олгож байгаа ч өдөр тутмын үйл хэрэг болж иргэд, хүүхэд залуус хүний эрхийн соёл, хандлагатай болж төлөвшиж чадахгүй байна.

Албан ба албан бус боловсрол олгож байгаа ялангуяа хүүхэд, залуустай ажилладаг сурган хүмүүжүүлэгч нарыг хүний эрхийн боловсрол, сургалтаар хангахХэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдэд зориулсан хүний эрхийн сургалтыг хөхиүлэн дэмжих, цахим технологид суурилан боловсрол олгох болон Эрх зүйн үндэсний боловсролыг чанартай хэрэгжүүлэх нь Монгол улсын хувьд хүний эрхийн боловсролыг  эрчимжүүлэх үр дүнтэй арга юм.

 Симпозиум дараах сэдвүүдийн хүрээнд явагдана. Үүнд:

  • Орчин үеийн хүний эрхийн хөгжил, чиг хандлага, асуудал, үзэл баримтлал болон хүний эрхийн боловсролын асуудал
  • Хүний эрхийн боловсрол, соёлыг үнэлэх, бэхжүүлэх нь
  • Хүний эрхийн боловсролын заах арга зүй, сургалтын хэрэгсэл, хэрэглэгдэхүүн, сайн туршлага;
  • Аппликэйшн, цахим сургалтын бааз, онлайн хөтөлбөр зэрэг мэдээллийн технологийг Хүний эрхийн боловсролд ашиглаж буй сайн туршлага, ололт амжилтыг нийт 9 салбар хуралдаанаар хэлэлцэж Хүний эрхийн боловсролын талаарх хамтын байр суурийн баримт бичиг, Хүний эрхийн боловсролын үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөний зураглал, зөвлөмжийг гаргах юм.

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.