Н.Онондарь: ДАШТ-ий алтан медалийг энгэртээ зүүх бүрэн эрхтэй гэдгээ мэдсэн

БНХАУ-ын Шэньжэнь хотод Латин бүжгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 2-ны өдөр зохион байгуулагдлаа.Тус тэмцээнд манай улсаас “Star Dance”, “Moon Dance” бүжгийн хамтлаг оролцсон байна.Харин тус тэмцээний ялагчаар ХБНГУ-ын “Grun Gold” хамтлаг тодорсон бөгөөд хамтлагийн бүрэлдэхүүнд монгол охин Н.Онондарь бүжиглэж, алтан медаль хүртжээ. Ийнхүү Монголын бүжгийн спортын түүхэнд анх удаа дэлхийн аварга төрлөө.

Н.Онондарь цахим хуудсандаа “ДАШТ-ий алтан медалийг энгэртээ зүүх нь маш олон зүйлийг надад ухааруулж, ойлгуулж буй мэт. 17 жилийн минь хөдөлмөр, хөлс хүчээс гадна ганцхан би гэлтгүй эцэг, эхийн маань хөдөлмөр энэ амжилтад нөлөөлсөн. 2018 он тэр чигээрээ олон зүйлийг дагуулсан хатуу жил байлаа, миний хувьд. Хичээл, бэлтгэл, ажил гурвыг зэрэг амжуулахаас гадна хамгийн чухал нь тэдгээрийг сайн гүйцэтгэх нь чанга байлаа.

Уйлаад орондоо орсон маш олон өдөр байсан ч маргааш нь өглөө нь бүр шив шинэ хүн болсон мэт илүү ухаалаг, тэвчээртэй, хүчирхэг болсоор иржээ. Мэдээж хүний нутагт амжилт гаргая гэвэл бүх зүйл хоёр, гурав дахин хэцүү, өрсөлдөөнтэй юм билээ. Гэхдээ одоо л би яг өөрийгөө олсон мэт санагдаж байна. Өөрийнхөө сул талуудаа харж, мэдэх тусам өөртөө илүү дуртай, хайртай болсон юм билээ. Тэмцээн дуусан дуустал бодож ч байгаагүй, болж байгаагүй хэцүү саад, бэрхшээл дараалан гарч ирсэн ч. Энэ хүртэл ирсэн замаа, олон жилүүдээ хартал би ДАШТ-ий алтан медалийг энгэртээ зүүх бүрэн эрхтэй хүн гэдгээ мэдсэн” хэмээн баярынхаа сэтгэгдлийг хуваалцжээ.

Санал болгох мэдээ

“1984” жүжгийн гол дүрд С.Болд-Эрдэнэ, Д.Ганцэцэг, Ц.Төмөрхуяг нар тоглоно

Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” хэмээх алдарт романы үзэл санаа, утга агуулга дэлхийн олонх …