55 дугаар сургууль “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулав

Нийслэлийн хэмжээнд тусгай хэрэгцээт боловсрол олгодог зургаан сургууль байдаг бөгөөд Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан арванхоёрдугаар сарын 3-ны өдөр  55-р жишиг сургууль дээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг эцэг эх, олон нийтэд сурталчлах, сургуулийн үйл ажиллагаа, сургалтын орчин, сургалтын үйл ажиллагаатай танилцах нэг өдрийн “Нээлттэй хаалганы өдөрлөг” тав дахь жилдээ зохион байгуулагдлаа.

Тус сургуулийн 504 сурагчдын эцэг эх, асран хамгаалагчид, “Хөх толбо” холбоо гэх нийт 150 гаруй хүмүүс 55-р тусгай сургуулийн сургалтын үйл ажиллагаа, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургалтын орчин, хүүхдийг хөгжүүлж буй байдал, багшийн ажилтай танилцлаа.

Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдрийгугтаж БЗД-ийн Биеийн тамир спорт хороо, БЗД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, 55 дугаар сургууль хамтран 3-5 дугаар ангийн 80 сурагчдын дунд “Буухиа” тэмцээн зохион байгуулав. Мөн П.Н.Шастины нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгийн эмч нар сургуулийн 200 гаруй сурагчдад витаминжуулалтын үйл ажиллагаа, эмчилгээний биеийн тамирын багш нарт хөдөлгөөн заслын мэргэжлийн сургалт зохион байгуулсан юм.

БЗД-ийн 55 дугаар сургуульд оюуны хөгжлийн бэрхшээлтэй, Дауны хам шинж, аутизмтай 504 сурагч суралцаж, 94 багш ажилладаг бөгөөд сүүлийн таван жил хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурах орчин нөхцөлийг сайжруулах, багш сурагчдыг хөгжүүлэх тал дээр ихээхэн ажлыг хийжээ. Монгол улсдаа анх удаа аутизмтай хүүхдэд зориулсан зориулалтын анги, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өдөр өнжүүлэх төв, тайвшруулах өрөө, мэргэжлийн сургалтын “Зочид буудлын үйлчлэгчийн анги ”, ”Хоол нарийн боовчны анги”, “Хэл засал”, “Хөгжимт хэл заслын өрөө”, багш нарын хөдөлмөрийг хөнгөвчилсөн “Сургалтын хэрэглэгдэхүүний өрөө”, ХБХ-ийн “Хүүхэд хөгжлийн төв”, “Зөвлөгөө өгөх төв”-ийг шинээр байгуулж сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байгаа нь эцэг эх, олон нийтээс өндөр үнэлгээ авч байна. Түүнчлэн анги бүрт ганцаарчилсан сургалтын буланг бий болгосон нь хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ганцаарчлан тулж ажиллаж, тэднийг хөгжүүлэхэд их ач холбогдлоо өгч байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа өнөө үед тус сургууль жил бүр тодорхой төлөвлөгөөтэйгөөр багш нараа чадваржуулах цуврал сургалтыг дотооддоо зохион байгуулж, багш нараа бүрэн хамруулдаг, оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийг улсдаа анх удаа 12 жил сурган, тэдэнд мэргэжлийн боловсрол олгож байгаа нь тус сургуулийн онцлох ажил болжээ.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн үеэр сургуулийн захирал Ч.Ганбилэг товч танилцуулга хийж, зочид сургалтын орчин, өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, багш сурагчдын бүтээлийн үзэсгэлэн худалдаа, тусгай сургуульд хэрэгжиж буй “Үдийн хоол” хөтөлбөрийн амталгаат өдөрлөг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн оношлогоо, эцэг эхчүүдэд “Харилцаа ба Зөв хандлага” сэдэвт сургалт тус тус зохион байгуулагдлаа.

 

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …