Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 7 сая еврогийн төсөл хэрэгжлээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Австри Улсын Засгийн газар хооронд байгуулсан Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд 7 сая еврогийн санхүүжилттэй “Эмнэлгийн тоног төхөөрөмжийг  шинэчлэх, суурилуулах, хүний нөөцийг бэлтгэх” төслийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг /ТТАХНЭ/-т амжилттай хэрэгжүүллээ.

Уг төслийг 2017 оны 10 дугаар сарын 24-нд ХЗДХЯ, ТТАХНЭ, “АМЕ интернэйшнл” компани хамтран хэрэгжүүлэхээр талууд гэрээнд гарын үсэг зурсан бол нэг жилийн хугацаанд бүрэн хэрэгжиж төслийг хүлээлгэн өгөв.

Төслийн хүрээнд 87 нэр төрлийн 180 гаруй тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн суурилуулалтыг бүрэн хийж, эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Онцлоход, Монгол Улсын нэгдсэн эмнэлгүүдийн түүхэнд анх удаа ламинар урсгалтай мэс заслын вакум өрөө, эрчимт эмчилгээний хэсгийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хийн хангамжийн систем угсралт суурилуулалт хийснээс гадна хэвлийн болон үений дурангийн мэс заслын иж бүрдэл, өндөр хүчин чадал бүхий хэвлийн хөндий, зүрх, тархины өнгөт хэт авиан оношилгооны тоног төхөөрөмж, рентген оношилгоо, ходоодны уян дуран, тархи, мэдрэл, булчингийн цахилгаан бичлэг, нойрны бичлэгийн аппаратыг эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглаж байна. Мөн эмнэлгийн түргэн тусламжийн бүрэн тоноглосон автомашинтай болж, ариутгал, халдваргүйтгэлийн хэсэг олон улсын стандартад нийцсэн орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдлоо.

Төслийн хэрэгжилттэй холбоотой 2018 онд нийт 28 эмч, эмнэлгийн мэргэжилтнийг Австри, Герман, Хятад, Финлянд улсад 14-28 хоногийн хугацаанд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамарчээ.

Төслийн хүрээнд суурилуулсан оношилгоо, шинжилгээний тоног төхөөрөмж ашиглан өнөөдрийн байдлаар давхардсан тоогоор 28300 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлээд байгаа аж.

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …