Үүрэн холбооны антенныг буулгаж, шаардлага хангахгүй кабелыг хураажээ

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар ерөнхий боловсролын сургуулиудын сургалтын орчны үнэлгээ, анхаарах асуудал, Тэргүүлэгчдийн 2018 онд баталсан “Иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 119 дүгээр тогтоолын хэрэгжилтийн байдал, газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих, олон нийтийн цагдаагийн ажлын үр дүн, нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай, нийслэлийн өмчийн ашиглалтын менежментийг сайжруулах, барилга бүртгэж авах зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдал, эрсдлийн үнэлгээ ба анхаарах шаардлагатай асуудлуудыг БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр танилцуулав. Тус яамнаас 131 сургуульд эрсдлийн үнэлгээ хийхэд 21 нь их, 80 нь дунд, 30 нь бага эрсдэлтэй гарсан байна. Харин 226 цэцэрлэгт мөн эл үнэлгээг хийхэд 28 нь их, 89 нь дунд, 109 нь бага эрсдэлтэй гэсэн дүн гарчээ. Гадна орчны гэрэлтүүлэг тааруу, зорчих хэсгийн тохижилт муугаас авахуулаад барилга доторх цахилгааны утаснууд ил гарсан зэрэг нийтлэг дутагдал илэрсэн аж. Үүнээс гадна зарим сургуулийн орчинд явган зам байдаггүй нь ихээхэн эрсдэл үүсгэж буйг албаны хүмүүс хэлэв. Тухайлбал, Баянгол дүүргийн нутаг дахь 47 дугаар сургуулийн сурагчид орчны тохижилт муугаас авто замаар явахаас аргагүй нөхцөл үүсчээ. Эл зөрчлийг арилгахаар тус сургуулийн удирдлага хайс тавьж, түр хугацаагаар явган зам гаргасан гэнэ. Сурагчид зам, тээврийн осолд өртөх эрсдэл өндөр байгаа тул ирэх онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар явган зам тавихаар болсон байна. Нийслэлийн сургууль, цэцэрлэгийн “их” эрсдлийг багасгаж, “бага” эрсдлийг арилгах ажлын хүрээнд эрсдлийн үнэлгээг тогтмол хийж, БСШУСЯ болон нийслэлийн ИТХ хамтран ажиллах юм.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, гэмт хэрэг, хэв журмын зөрчил, үер усны аюул, болзошгүй осол эндэгдлээс урьдчилан сэргийлэх, нийтийн эзэмшлийн зам, талбайн орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид 119 дүгээр тогтоол баталсан. Тус тогтоолын хэрэгжилтийн талаарх мэдээллийг нийслэлийн ЗДТГ-ын дарга М.Отгонбаяр танилцуулав.

Өнгөрсөн хугацаанд холбогдох албаныхан 267 ширхэг гэрэлтүүлгийн шонг тагжуулж, шаардлага хангахгүй 5900 метр цахилгаан дамжуулах кабел шугамыг хураан авч, сургууль цэцэрлэгийн ойр орчимд байрлах агаарын 11 тулгуурыг тэгшитгэж, ашиглагдахгүй байгаа 24 ширхэг гэрэлтүүлгийн шонг буулгаж, ил задгай 15 метр кабел шугамыг норм дүрмийн дагуу булуулсан байна. Мөн барилга байгууламж дээр журам зөрчиж чингэлэг байршуулсан айл өрх, аж ахуйн нэгжүүдэд албан шаардлага өгч чингэлгүүдийг албадан нүүлгэж, явган хүний зориулалтын бус дөрвөн гүүрийг буулгуулжээ. Түүнчлэн цахилгаан хангамжийн ашиглалтын аюулгүй байдлыг хангуулахаар улсын байцаагчийн 02-07-102/411 дугаар зөвлөмж хүргүүлж, хуваарилах 16 самбарт газардуулга хийлгүүлж, ил задгай 35 утсыг норм дүрмийн дагуу газарт булуулсан гэнэ.

Нийслэлийн хэмжээнд 6-35 кВ-ын 4325.1 км, 0.4 кВ-ын 2903.2 км урт цахилгаан дамжуулах шугам, 6-35 кВ-ын 2184 ширхэг дэд өртөөнд үзлэг шалгалт хийж ашиглалтын шаардлага хангахгүй нийт 331 шугам тоноглол байгаагаас 108 шугам тоноглолыг засаж, хэвийн болгосон. Хэрэглэгчийн эзэмшлийн 223 шугам тоноглолыг засаж хэвийн болгох талаар шаардлага хүргүүлэн, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байгааг холбогдох албаныхан онцоллоо. Мөн сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангуулахаар замын тэмдэг, тэмдэглэгээг сайжруулан, нийтдээ 448 метр урт хурд сааруулагч тавьжээ. Үүнээс гадна сургууль, цэцэрлэгийн 12 барилга дээрх үүрэн холбооны антенныг буулгуулсан байна.

Тэргүүлэгчид дээрх мэдээллийг сонсоод, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээнд тусгах санал оруулсан юм. Тухайлбал, тэргүүлэгч С.Мөнхчулуун сургууль, цэцэрлэгийн орчин ажиллаж буй цэнгээний болон уушийн газрын үйл ажиллагааг шалгаж, цэгцлэх шаардлагатай гэв.

Тэргүүлэгч Ц.Байгалмаа “Сурагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр салбарын дэд сайд ирж мэдээлэл өгсөнд талархаж байна. Сургуулийн засварын төсөв 2019 оноос нийслэлд шилжин ирэх юм байна. Боловсролын байгууллагын орчны гэрэлтүүлэг, камержуулалтыг сайжруулж, улмаар хэрэг, зөрчил багассан нь 119 дүгээр тогтоолын үр дүн болов” гэсэн юм.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.