Өнөөдөр Монгол бахархлын өдөр

Өнөөдөр Их эзэн Чингис хааны мэндэлсэн буюу Монгол бахархлын өдөр тохиож байна. Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Чингис хааны мэндэлсэн өдөр болгон тэмдэглэж байх зарлигийг 2012 оны нэгдүгээр сарын 9-нд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ёсчлон баталсан түүхтэй.

УИХ-аас энэ өдрийг Монгол бахархлын өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээр амрахаар хуульчлан баталснаас хойш долоо дахь жил болж байна.

Жил бүрийн энэ өдөр нэг иргэнийг Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай.

Уг шагналыг анх 2005 оноос эхлэн олгож ирсэн түүхтэй ч сүүлийн зургаан жилийн турш тасралтгүй “Чингис хаан” одонг энэ л өдөр Монголын бахархал болсон эрхэмд олгосон. Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнд энэхүү нэр хүндтэй шагналыг олгодог юм.

Гэвч энэ жил дээрх шалгуурыг хангасан хүн байгаагүй гэж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас үзсэнээр өнжиж байна.

“Чингис хаан” одонгоор 10 хүнийг шагнажээ

2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат

2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав

2007, 2008 онд олгоогүй, өнжсөн.

2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн

2010 онд УИХ-ын гишүүн асан Р.Гончигдорж

2011 онд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Багабанди

2012 онд УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл

2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном

2014 онд нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай

2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо,

2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар

2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.