Б.Батзоригийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан гишүүдийн 52 хувийн ирцтэйгээр эхэлж,  Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцэв.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан танилцуулав. Тэрбээр Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь “Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө, аж ахуйн сайдаар ажиллахдаа Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 05 дугаар сарын 14-ний  өдрийн А-88 дугаартай тушаалаар 134 иргэн, хуулийн этгээдэд 74.1 тэрбум төгрөгийн, 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн А-141 дугаартай тушаалаар 82 иргэн, аж ахуйн нэгжид 25.4 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох шийдвэр гаргахдаа албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэх эрүүгийн хэрэгт Авлигатай тэмцэх газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна.

    Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар Улсын Их Хурлын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн” гэдгийг онцлов.

Улсын Ерөнхий прокурорын танилцуулга болон Байнгын болон Дэд хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Болд, Д.Оюунхорол, М.Оюунчимэг нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, Ц.Даваасүрэн, Л.Болд, М.Оюунчимэг, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж, М.Билэгт, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв.

    Энэ үеэр Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа нууц санал хураалтыг цахим тооцоолуураар явуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж  байнгын хороодын саналаар “Улсын Их Хурлын гишүүн Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэснийг дэмжье” гэснийг  хуралдаанд оролцсон гишүүдийн 86.8 хувь нь дэмжлээ.

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …