Ч.Пүрэв:ЖДҮХС-д гурван удаа хандсан ч албан ёсны хариу өгч байгаагүй

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос ЖДҮХС-гаас олгож буй зээл асуудлаар болон тус сангаас зээл авах хүсэлт гаргаж байсан компаниудын төлөөллүүдтэй хамтран Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

Тэд Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг бухимдуулсан асуудал нь сангийн үйл ажиллагааг зохицуулж байгаа түр журамтай холбоотой гэж үзэж байна. Тиймээс уг журмыг баталсан ХХААХҮ-ийн сайд асан П.Сэргэлэнг өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж үзээд АТГ-т шалгуулахаар гомдол гаргаснаа мэдээллээ.

Баялаг бүтээгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр“ЖДҮХС-гаас 2018 он хүртэлх хугацаанд 900 тэрбум төгрөгийг Жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор гаргасан байдаг. 2018 оны дөрөвдүгээр сард сонгон шалгаруулалт зарлан 134 ААН-д 74.1 тэрбум төгрөгийг хуваарилсан гэж ХХААХҮЯ-наас мэдээлсэн.Анх 2016 оноос өмнө арилжааны банкаар дамжуулж, энэхүү зээлийг олгодог байсныг ХХААХҮ-ийн сайд 2017 оны зургадугаар сарын 14-ний өдрийн А76 тоот тушаалаар батлагдсанаар зээлийг арилжааны банкаар дамжуулалгүй бодлогын зээл хэлбэрээр шууд ЖДҮХС-гаас олгодог болсон. Үүнээс өмнө арилжааны банкууд дамжуулан зээлдүүлэгчийн үүрэг гүйцэтгэж, зээлээ олгоод эргэн төлөлтийг санд төвлөрүүлэх ёстой байлаа. Гэтэл 2017 оны аравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар 48 гаруй тэрбум төгрөгийг нэгэн арилжааны банк Улсад төлөөгүй байна.

Улс түүнийг авч чадахгүй байсаар банктай жилийн 7 хувийн хүүтэй зээлийн гэрээ хийсэн. Тэр нь ЖДҮХС-гаас олгодог зээлтэй яг адил нөхцөлтэй. Тэгэхээр жижиг дунд үйлдвэрлэгчдэд очих ёстой мөнгийг нэг банк өгөхгүй байна” гэж мэдэгдлээ.

Харин ЖДҮХС-гийн зээлд хамрагдаж чадаагүй “MCPT” компанийн Ерөнхий менежер Ч.Пүрэв “Манай компани шорлогны нүүрс үйлдвэрлэдэг. Дотоодын хэрэгцээний 60 хувийг хангаж байна. Бидний цаашдын зорилго дотооддоо төдийгүй гадны зах зээлд бүтээгдэхүүнээ борлуулах байсан тул 2016 онд alibaba.com-д бүртгүүлж, БНХАУ-ын нэг компаниас бүтээгдэхүүн нийлүүлэх санал авсан. Ингээд манай үйлдвэр, бүтээгдэхүүнтэй танилцаад үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлбэл хамтарч ажиллая гэсэн.

Тухайн үед манай хүчин чадал сард 25 тонн шорлогны нүүрс хийх байсан тул үйлдвэрээ өргөтгөхийн тулд ЖДҮХС-д хандан зээл хүссэн. Хэрэв тухайн үед манайх зээл авч чадсан бол сардаа 200 тонн шорлогны нүүрс борлуулж, 80-90 хүнийг ажлын байртай болгох боломжтой байлаа. Бид арилжааны банкнаас 300 сая төгрөгийн зээл авахад жилийн хугацаанд 370-380 сая төгрөг болгож төлдөг. Гурван удаа хандсан. Гэтэл эргээд албан ёсны хариу огт өгч байгаагүй” гэв.

 

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.