Монголын Хуульчдын холбоо Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбооны гишүүн боллоо

Монголын Хуульчдын холбоо нь Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбоо /LAWASIA/- нд гишүүнээр элсэх асуудлыг 2016 оноос хойш судалж, энэ оны эхэнд гишүүнээр элсэх өргөдлөө өгөөд байсан билээ. Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбоо нь өргөдлийг судлан 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Камбожи улсын Сием Реап хотод зохион байгуулагдсан Зөвлөлийн ээлжит хурлаараа хэлэлцэж, Монголын Хуульчдын холбоог тэргүүлэх гишүүнээр элсүүлэх асуудлыг 100 хувь дэмжлээ.

Монголын Хуульчдын холбоог төлөөлж тус арга хэмжээнд хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан оролцож, Монголын Хуульчдын холбооны чиг үүрэг, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулж, Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбооны дэд ерөнхийлөгчийг сонгох санал хураалтад оролцон бүсийн холбооны тэргүүлэх гишүүнийхээ бүрэн эрхийг хэрэгжүүлсэн юм.

Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан нь Зөвлөлийн хурлын дараа тус холбооны Ерөнхийлөгч Кристофер Лэонг болон Гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн Чунгван Чой, Стивен Тиру, Ерөнхий нарийн бичгийн дарга Майкл Тидбол нартай албан ёсны уулзалт хийсэн. Уулзалтын үеэр бүсийн холбооны зүгээс Монголын Хуульчдын холбоог дэмжиж ажиллахаа илэрхийлж, 2019 онд хамтран Монгол Улсад LAWASIA-гийн арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцлоо.

Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбоо нь 1966 оны наймдугаар сарын 10-ны өдөр 17 улсын төлөөлөлтэй албан ёсоор үүсгэн байгуулагдаж байсан бөгөөд өдгөө 40 гаруй улс, эрх зүйн тогтолцооны төлөөллийг багтаасан бүс нутгийн тэргүүлэх байгууллага болж чадсан байна. Нийт 44 хуульчдын байгууллага гишүүнчлэлтэй байдгаас 32 нь тэргүүлэх байгууллага бөгөөд Монголын Хуульчдын холбоо нь 33 дахь тэргүүлэх байгууллагаар бүртгэгдсэн.

Тус байгууллагын гишүүн болсноор бүс нутгийн хуульчид, хуульчдын мэргэжлийн байгууллагуудтай харилцаа холбоо тогтоох, Хуульчдын Ази, Номхон далайн бүсийн холбооноос эрхлэн гаргадаг мэргэжлийн сонин, сэтгүүлийг авах, эдгээрт нийтлэл гаргах, тус холбооноос зохион байгуулж буй семинар, чуулга уулзалтад хөнгөлөлттэй үнээр оролцох, илтгэл тавих, бусад арга хэмжээнд хамрагдах зэрэг давуу талтай юм.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.