Ч.Бизъяа:Дугуйлангаа уурын зууханд хүртэл хичээллүүлж явлаа 

Монголын Хүүхдийн ордны түүхт 60 жилийн ой өнгөрсөн баасан гаригт тохиолоо. Түүхт ойд зориулсан “Бидний ордон” хүндэтгэлийн тоглолт, баярын хурал болсон юм. Хуралд Хүүхдийн ордны үе үеийн удирдлагууд, ажилтан, албан хаагчид болон хүүхдийн ордноос төрөн гарсан эрхэм алдартнууд хүрэлцэн ирсэн байв.

Энэ үеэр Хүүхдийн ордны ууган багш нарын нэг, Монгол Улсын гавьяат багш Чүлтэмийн Бизъяатай ярилцлаа.

-Таныг Хүүхдийн ордны ууган багш нарын нэг гэлээ. Хэдэн онд ажиллаж байв?

-Би 1962 онд Улсын багшийн дээд сургуулийн Зураг, хөдөлмөрийн ангийг төгссөн. Энэ ангийн хамгийн анхны төгсөгч юм. Төгссөн даруйдаа Монголын Пионерын ордонд зургийн багшаар томилогдож ирсэн. Ингэж миний хөдөлмөрийн гараа Пионерын ордноос эхэлсэн түүхтэй. Тухайн үед ордон маань засварт ороод жаахан хүнд үе байлаа. Дугуйлан хичээллэх ангигүй, газар газраар дамжиж хичээллэнэ. Энд тэнд өөр албан газарт очоод дугуйлан орох гэхээр дуртай, дургүй. Гэхдээ тэр бэрхшээлийг бид даван туулсан. 1963 онд Монголын Пионерын анхдугаар “Залгамжлагч” чуулга гэж болсон юм. Анхдугаар чуулганд бэлтгэх ажлыг улс даяар өрнүүлж билээ. Түүний дотор Пионерын ордны ажил маш их байсан. Би өөртэйгөө холбоотой ажлуудыг ярья. Тухайлбал, манай урлагийн секцийг Дарьсүрэн гэж хүн ахалж байлаа. Ордны найрал дууг хариуцдаг байсан. Гадаадад сургууль төгсөж ирсэн хүн байж билээ. Урлагийн салбарынхны ажил бүр их. Энэ дотроос хүүхдийн зохиолч Содномдоржийн зохиол “Чин хүсэл” гэж драмын жүжгийг тавьсан юм. Тэрний өмнөхөн нь “Аз жаргалын эрэлд” гэж дуурь тавьсан нь их нэрд гарсан. “Чин хүсэл” жүжгийг тухайн үеийн Барилгачдын соёлын ордонд тоглолоо. Хүүхдийн ордны байр засвартай учраас тэр. Эхлээд Залгамжлагч чуулгад зориулсан концерт тоглосон. Тэр концертын чимэглэлийг би хийсэн. Дараа нь “Чин хүсэл” жүжгийн тайз чимэглэлийг хийсэн. Үүний дараа “Хүүхдийн ертөнц” гэсэн зургийн үзэсгэлэн гарсан юм. Уг нь жил бүр хүүхдүүдийн бүтээлээр үзэсгэлэн гаргадаг байсан бол тэр жил зөвхөн манай Пионерын ордны зургийн дугуйлангийн сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргах болов. Ингээд одоогийн Драмын театрын танхимд зургийн үзэсгэлэнгээ гаргасан юм. Драмын театр тухайн үед Монголын Залуучуудын ордон нэртэй байлаа.

-Хамт ажиллаж байсан багш нарыгаа дурсахгүй юу?

-Тухайн үед Пионерын ордны захирал Авирмэд гэж хөгжмийн зохиолч хүн байсан. Их ажилсаг, зүтгэлтэй хүн байж билээ. Пионерын ордон маань нэг ачааны машин, нэг суудлын тэрэгтэй. Захирлын ажил нь амжихгүй, ийш тийш их явдаг байж дээ. Ордны орлогч захирлаар Нямдорж ажиллаж байсан. Уг нь математикийн багш мэргэжилтэй. Шатар их сайн тоглоно. Цааш нь ярих юм бол урлагийн дугуйланд Жам-Очир гэж хуучрын багш байсан. Үлээвэр хөгжмийн багшаар Пүрэвжав ажилладаг байлаа. Пүрэвжав гуай энэ ордонд багшилж байгаад дараа нь нийслэлийн 33 дугаар сургуульд багшлах болсон. Тэндээсээ тэтгэвэрт гарсан юм. Найрал дууны багш Дарьсүрэн дуурийн театрын гоцлол дуучин хүн байсан. Ингээд үзэхээр тухайн үед Хүүхдийн ордонг байгуулах гээд газар газраас чадалтай, мэргэжилтэй, өндөр боловсролтой хүмүүсийг авч ажиллуулсан гэж бодогддог. Зургийн дугуйлангийн багш гэхэд л Монгол Улсын ардын зураач, төрийн хошой шагналт О.Цэвэгжав гуай байсан. Төгөлдөр хуурын багшаар Норжин гэж дуурийн театрын хөгжимчин. Бүжгийн багшаар Тонтор ажиллаж байсан. Тонтор багш 1957 онд Дэлхийн залуучуудын зургадугаар их наадамд шагнал хүртсэн бүжигчин. Энэ хүнийг 1958 онд Пионерын ордон байгуулахад шууд багшаар томилсон гэх мэтчилэн. Хүүхэлдэйн дугуйлангийн багш Дугарыг театрын жүжигчнээс татаж багш болгосон. Драмын дугуйлангийн багш Чүлтэмжамц “Цогт тайж” кинонд тоглож байсан хүн. Олон жүжигт нүүр хувиргагч хийсэн мундаг хүн байж билээ. Их олон жил хүүхдийн ордонд ажилласан даа. Анх байгуулагдахдаа Пионерын ордон гэдэг нэртэй байсан бол дараа нь Лениний нэрэмжит ордон болсон. Үүний дараа Монголын Пионер сурагчдын ордон болж өөрчлөгдсөн. Хүүхдийн ордон гэж нэртэй болоод хориод жил өнгөрч байна даа.

-Та Хүүхдийн ордонд хэдэн жил ажилласан юм бэ?

-1962-1963 онд энд ажиллаж байлаа. Үүний дараа илгээлтээр Завхан аймаг руу явчихсан юм. Пионерын ордон 1958 онд байгуулагдахад би 10 дугаар ангийн сурагч байлаа. Пионерын ордонд зориулсан цэцэрлэг байгуулахаар болоход би мод суулгах нүх ухаж явсан юм. Ингэж л би Пионерын ордонтой танилцсан даа. Тэгсэн мэргэжлийн гараагаа эндээс эхлэх жамтай байж. Би Пионерын ордноос гараагаа эхэлж, Монгол Улсын гавьяат багш болох тавилантай байж дээ гэж боддог шүү дээ (инээв). Би өндөр насалсандаа нэгэн бодлын бахархах шиг, нөгөө талаараа гуних шиг. Учир нь надтай хамт ажиллаж байсан багш нар бүгд бурхан болжээ.

-Нэг жил гаруй хугацаанд ажилласан гэхээр богино хугацаа шиг санагдах юм. Тухайн үед олон сайн шавь бэлтгэж амжсан уу?

-Олон хүүхдэд хичээл заасан шүү. Миний шавь Г.Төмөр одоо их сайн ажиллаж байна. Лхамсүрэн гэж зураач хүүхэд байсан, дараагаар нь баримал, хөөмөл хийдэг болсон байна билээ. Одоо урлагийн гавьяат зүтгэлтэн болсон. Монгол гэж мундаг зураач, одоо бурхан болж дээ. Эрдэнэбилэг шавь маань Хүүхдийн ордонг төгссөнийхөө дараа найман жил энд зураач хийсэн. С.Чимэддорж маань бие даасан уран бүтээлийн үзэсгэлэн гаргах гэж байгаа. Надтай адилхан өвгөн болчихсон хүн бий. Энэ мэтчилэн зургийн дугуйлангаас олон сайн шавь төрсөн.

-Хүүхдийн ордонд таны ажиллаж байсан үеэс өөрчлөгдсөн зүйл юу байна?

-Өөрчлөгдсөн. Ордны дугуйлангууд цар хэмжээгээр өргөн болсон. Би 55 жил багшилсан. Энэ хугацаанд энэ ордонтойгоо үргэлж холбоотой явсан. Жишээлбэл, би Хүүхдийн ордны үзэсгэлэнгийн танхимд өөрийнхөө шавь нарын бие даасан үзэсгэлэнг гурван удаа гаргаж байсан. Хүүхдийн ордонд үзэсгэлэн гаргасан багш нар тэр болгон байхгүй л дээ.

-Та Пионерын ордонд ажиллаж байх үед үлдсэн дурсамжаасаа хуваалцаач?

-Байлгүй яах вэ. Намайг ажиллаж байх үед засвартай байсан учир дугуйлан орох газаргүй хэцүү байсан. Тэр үед хүүхдүүдээ олон газар тарааж хичээллүүлдэг байлаа. Пионерын ордон анх байгуулагдаж байхад хүүхдүүд нь багтахгүй байсан. Гэтэл засвартай байх хугацаанд хүүхдүүд цөөрөөд, хүүхдүүдийнхээ хойноос хөөцөлдөөд л явдаг байж билээ. Жишээ нь, Ж.Самбуу даргын хүү Сүрмаажав манай дугуйланд явдаг байлаа. Ирэхгүй алга болчихно. Нөгөөхийг чинь хөөцөлдөөд явна. Самбуу даргын гэр рүү хамаагүй орж болохгүй. Гадаа нь зогсоод хүлээж байдаг байлаа. Ангигүй үед Багшийн сургууль, Нэгдүгээр сургууль, заримдаа бүр уурын зууханд хичээллэж байсан. Анх Пионерын ордон байгуулагдахдаа материал хангамж их сайтай байсан. Миний дугуйлан гэхэд л дандаа шинэ судалбарын хайрцгийг хүүхдүүдэд тараадаг. Заримыг нь эргүүлж авчирсан, бусдыг нь авчирч чадаагүй юмдаг. Тэглээ гээд надаас тэр хайрцгуудыг нэхээгүй. Зургийн бүхий л хэрэгсэл бүгд бэлэн. Мундаг сайн бэлдэж ордонг байгуулсан байдаг. Намайг 10 дугаар ангид мод суулгах нүх ухаж байхад ордон нэг ЗИС-151-тэй. Түүнийг нь Базар гэж жолооч унана. Дугарсүрэн нярав тэр хоёр машинаараа юм үргэлж зөөдөг байсан.

-Түүхт 60 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн сэтгэгдэл ямар байна?

-Хачин сайхан. Хүүхдийн ордны түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтэд надаар тууз хайчлуулахад өөрийн эрхгүй нулимс цийлгэнэсэн. Сая баярын хурал дээр бүрээ тоглоход ч уйллаа, бөмбөр дуугарахад ч уйллаа. Багшийн сэтгэл л юм байлгүй. Угаасаа чи багш байх ёстой гэж бурхан намайг заяасан байх.

Dnn.mn

Санал болгох мэдээ

Б.Одонтунгалаг:Санхүүгийн сахилга баттай байхын тулд хамгийн эхэнд санхүүгээ төлөвлөж, орлого, зарлагаа тооцоолох шаардлагатай

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай  хувь хүн болоод өрхийн санхүүгээ хэрхэн удирдаж …