Т.Аюурсайхан: Н.Баяртсайханд хариуцлага тооцох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Т. Аюурсайхан Төрийн ордонд ам.долларын ханшийн өсөлттэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш чангарч байгаагаас улбаалж иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа байгаа нь хүн бүхний анхааралд байна. Энэ асуудалд дуугарч байгаа хүн алга. Аравдугаар сарын 16-ны өдрийн байдлаар нэг ам.доллар 2564 төгрөгтэй тэнцэж байна. Ам.долларын ханш өссөн графиктай байгаа. Гэтэл үүнийг Монголбанк тайлбарлахдаа он гарсаар төгрөгийн ханш ам.доллартай харьцуулахад 5,6 хувиар унасан байгаа нь хэвийн үзэгдэл гэж байна.

Аргентин болон Турк улсуудтай Монгол Улсын эдийн засгийг харьцуулж байгаа. Эдгээр улстай харьцуулж өөрсдийгөө өмгөөлж хамгаалж байгаа явдлыг буруутгаж байна. Аргентин улс эдийн засгийн гүн хямралтай байгаа. Он гарсаар тус улсын үндэсний мөнгөн тэмдэг нь 100 хувь суларч гадаад өр нь 254 тэрбум ам.доллар. Турк ч адилхан үндэсний мөнгөн тэмдэгт нь унасан. Тус улсын гадаад өр 467 тэрбум ам.доллар байгаа. Тэнд дайн болж байна. Ийм эдийн засгийн доройтолд орсон хоёр улстай харьцуулалт хийж хариуцлагагүй мэдэгдэл хийж болохгүй.

Төв банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах үеэрээ Монголбанкныхан ханшийн асуудлаа хариуцлагагүй байдлаар оруулж уг хууль нэлээд зүтгүүлж лобби үйл ажиллагаа хийсэн. Гэтэл өнөөдөр ханшийн асуудлыг хэн ч хариуцахгүй, үүний төлөө хариуцлага хүлээхгүй байна. Эцэст нь бизнес эрхлэгчид, иргэд хохирдог учраас миний бие УИХ-ын чуулганаар тус хуулийг батлах үеэр Монголбанкийг төгрөгийн ханшийг хариуцдаг, үнийн инфляцийг ч хариуцдаг болгохоор зохицуулж хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үр дүнд нь Монголбанкны үндсэн зорилго нь үндэсний мөнгөн тэмдэгт, төгрөгийн тогтвортой байдлыг хангахад орших юм.

Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан 2016 оны долдугаар сарын 20-нд үүрэгт ажлаа хүлээж авснаас хойш монгол төгрөгийн ханш өнөөдрийг хүртэл 25 хувиар суларсан. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх буюу хариуцлага тооцох асуудлыг хөндөн тавьж байгаагаа мэдэгдэж байна.

Мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг хэлэлцэх эсэхийг шийдэж байхад УИХ-ын гишүүдээс Монголбанкны ерөнхийлөгчийн өмнөөс зоригтой дуугарчих хүн гарч ирсэнгүй. Ганц нэг хүн дуугарахаар Монголбанкны Ерөнхийлөгч өмнөөс нь хэдэрлээд, хэрэлдээд сууж байна. УИХ өөрөөсөө томилогдсон хариуцлага тооцох ёстой хүндээ хариуцлага тооцох чадваргүй болж байгаагийн шинж. Тиймээс энэ арга хэмжээг таслан зогсоох ёстой. Сүүлийн жилүүдэд хууль тогтоомжууд бүгд ашиг, сонирхлын зөрчилтэй батлагддаг болсон. Түүнийг засч, засруулах гэж маш их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаардагдаж байна. Тэр бүрт бид амжилтад хүрч чадахгүй байна. Монголбанкны алдагдалтай байгаа гэсэн. Гэвч яг хэдийн алдагдалтай байгаагаа тодорхой болгох ёстой.

Монголбанкинд хийсэн шалгалтын дараа тавьсан шаардлагууд, УИХ-ын тогтоолыг биелүүлэхэд яаж ажиллаж байгаа юм, үйл ажиллагаа нь олон нийтэд ил байгаа юу, шилэн дансандаа хөрөнгө мөнгөө тусгаж байгаа эсэх төрийн нууцад хуулиараа хамаарахгүй асуудлыг нууцад оруулан хаан далдалж байгаа асуудлаа яаж цэгцэлсэн юм гэдгийг шийдэх ёстой. Энэ бүгдийгээ ур чадвартайгаар шийдээд байвал цомхон эдийн засагтай улсад төгрөгийн тогтвортой байдлаа хянаад байж чадна. Гаднаас орох валютын урсгал сайн байгаа. Уул, уурхайн гол нэрийн бүтээгдэхүүний үнэ нь өсөлттэй байгаа. Төлбөрийн тэнцэл хэвийн буюу 92 сая долларын алдагдалтай явж байна. Чингис бонд, Дим Сам бонд гэх мэт томоохон өрийг дарахтай холбоотойгоор энэ алдагдал гарч байгаа бол харьцангуй тогтвортой байна. Төсвийн алдагдал 2016 онд 19-20 хувь байсан бол энэ онд таван хувьд барихаар ажиллаж байна. Төсөв дээр анхаарах ёстой зарим зүйл заалтуудаа ажлын хэсэгт ярьж байна” гэж мэдэгдлээ.

 

 

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. zochin says

    zov l chaardlaga tavij ,odoo uchamsraraa ajilaa og, odor bolgon um uned orood jiriin irgen bid nart ich chechuu bna

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.