Б.Дэлэгдоржийн нэрэмжит улсын уралдааны гранпри шагналтанг таван сая төгрөгөөр урамшуулна

Төв Халхын нэр бүжиг дэглээч, МУСТА Балжирын Дэлэгдоржийн нэрэмжит мэргэжлийн бүжигчдийн улсын уралдаан ирэх сарын 03-05-нд  Баянхонгор хотноо болно.

Мэргэжлийн уран бүтээлчид, театр чуулгын бүжигчид, чөлөөт уран бүтээлч, бүжгийн мэргэжлээр их, дээд сургууль төгсөгчид болон суралцаж буй оюутнуудын дунд болох уралдааныг аймгийн ЗДТГ, Боловсрол соёл урлагийн газар, Хөгжимт драмын театр, Б.Дэлэгдорж агсны үр хүүхдүүд хамтран зохион байгуулж байна. Уралдааныг Монголын бүжгийн урлагийн нэр хүнд бүхий мастерууд шүүн явуулах бөгөөд шагналын сан 12 сая төгрөг байх аж.

Улсын уралдааны гранпри шагналтан таван сая төгрөгийн шагналтай бол тэргүүн байр гурван сая, дэд байрт хоёр сая, гутгаар байрыг нэг сая төгрөгөөр байна. Мөн тусгай байр, шүүгчдийн нэрэмжит шагналыг тус бүр 500 мянган төгрөг дагалдах юм байна.

Б.Дэлэгдорж нь 1934 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрж, 1949 онд театр урлагийн дунд сургуулийг төгсөөд улмаар Төв театрын бүжигчин болсноор хөдөлмөр бүтээлийнхээ гарааг эхэлсэн байдаг. Мөн 1968 онд ЗХУ-ын театрын урлагийн дээд сургуулийг бүжиг дэглэгчийн мэргэжлээр төгсөөд Улсын ардын дуу бүжгийн чуулга, Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн Алтай чуулга, Баянхонгор аймгийн Хөгжимт драммын театрын бүжгийн багшаар 30 гаруй жил тасралтгүй ажиллажээ.

Тэрээр “Ардын баяр”, “Охидын уянга”, “Чимэгт товшилт”, “Жаавай”, “Илгээлтийн эзэн”,  “Хүслийн жигүүр”, “Дархад”, “Буриад”, ‘Жанрайсаг”, залуусын бүжиг, “Цагаан өвгөн”, “Сүргийн дэргэд”, “Охидын золбоо”, “Ботгочин”, “Цэрэг эр мөнх”, “Найман мөнгөн сүйх”, “Ёслолын бүжиг”, “Украйн”, “Галын амь” бүжгэн жүжгийн бүжиг, “Хангарьд”, “Анчид”, “Өвлийн зугаалга”, “Морьтон залуус”, “Шандаст хүлэг”, “Шанзны эгшиг”, мөн “Вальс”, “Молдав”, “Казак” зэрэг олон бүжиг дэглэн тавьж, авъяаслаг шавь нарыг төрүүлсэн нэртэй балетмейстр, туршлагатай сурган хүмүүжүүлэгч байв.

Түүний гавьяа зүтгэлийг Монголын төр, засаг үнэлж, Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70, 80 жилийн ойн медалиар тус тус шагнажээ.

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …