“Ханару” дэлгүүрийн агуулахын үйл ажиллагааг зогсоожээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас БНСУ-ын хүнсний бараа, бүтээгдэхүүн борлуулдаг “Ханару” дэлгүүрт хийсэн хяналт шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Сүхбаатар дүүрэг дэх МХХ-ийн хүнсний чанар стандарт, эрүүл ахуй халдвар хамгааллын улсын байцаагчид иргэдийн ирүүлсэн гомдлын дагуу энэ сарын 4-ны өдөр“Ханара март” ХХК-ийн “Ханару” дэлгүүрт хяналт шалгалтыг хийж, илэрсэн зөрчлийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй тул 1000 нэгж буюу 1 сая төгрөгийн торгууль ногдуулжээ.

Шалгалтаар БНСУ-аас импортоор оруулж ирдэг хүнсний бүтээгдэхүүний он, сар, өдрийг болон, хугацааг хуурамчаар засварласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийдэг нь тогтоогдсон байна. Мөн илэрсэн зөрчлийн дагуу Мэргэжлийн хяналтын байгууллагын эрх үүргийн хүрээнд хадгалах хугацаа дууссан болон он сарыг засаж янзалсан нийт 45 нэр төрлийн 1541 ширхэг 22 сая төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг битүүмжлэн саатуулсан байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Дэд дарга С.Даваасүрэн “Ханара март” ХХК-ийн нэр бүхий 14 хоол үйлдвэрлэлийн газарт хоол амтлагч болон хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлсэн болохыг бид олж мэдсэн. Үүний дагуу эдгээр газруудаас татан авалт хийх мэдэгдлийг хүргүүлсэн. Мөн он гарснаар нийт дөрвөн удаагийн бараа, бүтээгдэхүүний таталтыг БНСУ-аас хийсэн байна.Нэгдүгээр сард, 24 нэр төрлийн, 20.3 тонн,Дөрөвдүгээр сард, 27 нэр төрлийн 19.9 тонн,Зургадугаар сард, 31 нэр төрлийн, 21.3 тонн.

Мөн өнгөрөгч есдүгээр сард 24 нэр төрлийн, 19.7 тонн нэр төрлийн бүтээгдэхүүн оруулж ирсэн байна. Ингэснээр энэ жилийн гуравдугаар улирлын байдлаар нийт 106 нэр төрлийн, 81.2 тонн бараа бүтээгдэхүүнийг татан авч, гааль болон мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулж орж ирсэн байна.

Хилээр орж ирэхэд эдгээр бараа бүтээгдэхүүний нэр төрөл дотор хугацаа нь дууссан, хаяг, заавар шошгогүй бараа бүтээгдэхүүн багтсан талаар зөрчил мэдүүлээгүй ба зөрчил илэрсэн бараа бүтээгдэхүүнийг аль гааль, хилээр оруулж ирснийг тодруулахаар бид ажиллаж байна.

Гаргасан зөрчилтэй нь холбогдуулан дэлгүүрийн болон Баянгол дүүрэгт орших компанийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон. Одоогоор тус дэлгүүрээс авсан бараа бүтээгдэхүүнээс болж хордсон эсвэл биеийн байдал нь муудсан дуудлага бидэнд хараахан ирээгүй байна” гэж мэдэгдлээ.

Г.Нараа

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …