Олон Улсын Охидын өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”, “Лидер сурагч академи” хүүхдийн өөрөө удирдах байгууллагатай хамтран “Хүч чадалтай охид” уриан дор охидын чуулга уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү чуулганаар охидууд тулгамдсан асуудлаа хэлэлцэж, гарц шийдэл гарган нийгмийн сайн сайхны төлөө нэгдэж байгаа юм.
Үйл ажиллагааг нээж ГБХЗХГ-ын ХХХГ-ын дарга О.Сэлэнгэ үг хэлсэн юм.
Энэхүү охидын чуулга уулзалтанд 70 гаруй сургуулийн 600-аад охин, 50 ээж, 50 багш нарын төлөөлөл оролцлоо.
Урилгаар өөр өөрийн салбартаа амжилт гаргасан охидын үлгэр дуурайлал болсон дуучин Д.Уламбаяр, жүжигчин Б.Мишээл, “Сэтгэл судлалын үндэсний төв”-ийн сэтгэл зүйч Б.Алтанцэцэг, Загвар өмсөгч С.Төгс нар хүрэлцэн ирж охидтой бага нас хэрхэн өнгөрсөн, бага насны мөрөөдөл зорилго, хэрхэн амжилтанд хүрсэн талаараа чөлөөт ярилцлага хийж, нэгэн өдрийг өнгөрөөлөө.
Монгол улсын хэмжээнд 2017 онд “Үндэсний статистикийн хороо”-ноос гаргасан мэдээллээр 0-18 насны 587,250 охид байгаа бөгөөд 0-4 насны 191,702, 5-9 насны 167,007, 10-14 насны 113,948, 15-18 насны 114,593 охид байна.