“Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Монгол Улсын Их Сургуультай хамтран засаглалын үйл явц дахь зөвлөлдөх ардчиллын боломж болон сорилт, Азийн улс орнууд дахь туршлагаас суралцах зорилготой “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг  10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд МУИС-ийн Номын санд зохион байгуулах гэж байна.

Бага хуралд  эрдэм шинжилгээний байгууллага,  их, дээд сургууль, төрийн болон төрийн бус байгууллагын 120 гаруй эрдэмтэн, судлаач, удирдах албан хаагчид болон гадаадын зочин илтгэгчид оролцоно.

Тус хуралд Америк, Эстони, Япон, Бүгд Найрамдах Солонгос, Хятад, Австрали зэрэг улсаас эрдэмтэн, судлаачид оролцоно.

Уг хурал “Ардчиллын чанар”, “Ази дахь зөвлөлдөх ардчиллын туршлага”, “Орон нутгийн төсвийн төлөвлөлтөд зөвлөлдөх ардчиллыг ашиглах нь” гэсэн гурван нэгдсэн хуралдаан, хэлэлцүүлэг болон “Зөвлөлдөх ардчилал ба Мэдээлэл харилцааны технологи” салбар хуралдаантай.

Хурлаар нийт 15 илтгэл хэлэлцүүлнэ. АНУ-ын Стэнфордын их сургуулийн Зөвлөлдөх ардчиллын төвийн захирал, профессор Ж.Фишкин Зөвлөлдөх санал асуулга, олон улсын туршлага, мэдүүлгүүдийг үнэлэх шалгуурын талаар илтгэнэ.

Зөвлөлдөх санал асуулгыг Азийн орнуудад хэрэглэж буй талаар туршлага, ололт, сургамжийг танилцуулна. Тухайлбал, Япон Улсын Кэйо Их сургуулийн Хүндэт профессор Ясунори Соне “Бодлого боловсруулах үйл явц дахь зөвлөлдөх санал асуулга: Японы туршлага”, БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн профессор Хан Кюү Сүп “Өмнөд Солонгосын Шин Кори 5 ба 6 олон нийтийн зөвлөлдөх хэлэлцүүлгийн чанар”, БНХАУ-ын эрдэмтэн “Авторитар дэглэмд Зөвлөлдөх ардчиллыг хэрэгжүүлэх нь” зэрэг зэрэг илтгэлийг тус тус хэлэлцүүлнэ.

Манай улс зөвлөлдөх санал асуулгын аргыг гурван удаа ашиглан иргэдийн санаа бодлыг шийдвэр гаргахад тусгасан байна.

-2015 онд “Улаанбаатар хот дахь анхны зөвлөлдөх санал асуулга: Нийслэл хотын хөгжилд иргэдийн оролцоо”,

-2017 онд “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба Зөвлөлдөх ардчилал”

-2018 онд “Налайх дүүрэгт явуулсан зөвлөлдөх хэлэлцүүлэг”-ийг тус тус зохион байгуулсан.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.