АТГ: ШШҮХ-ийн шинжээч нарын орон сууцнаас 1.3 сая ам.доллар бэлнээр хураасан

Авлигатай тэмцэх газраас  сар бүрийн ээлжит хэвлэлийн хурал хийлээ. Уг хуралд АТГ-ын тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцож, 2018 оны наймдугаар   сард хийсэн үйл ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог сүүлийн үед олны анхаарал татсан хэргийн талаар сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн гүйцэтгэх захирал асан Ч.Ганзоригийг хорьсон асуудалд мэдээлэл өгөхгүй юу?

-“Жаст” групп Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний зээл авсан байдаг. Энэ асуудалд тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагууд холбогдолтой гэх асуудалд мөрдөн байцаалтын хэрэг нээгдэж, шалгагдаж байгаа. Энэ хэрэгт яллагдагчаар татагдсан Ч.Ганзоригийг өнөөдөр прокуророос шүүхэд цагдан хорих санал тавьсныг шийдвэрлэнэ. Үүний дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзоригийг цагдан хорьж, шалгаж байна.

-Ч.Ганзоригийн хэрэг дээр хэчнээн хүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа юм бэ?

-Эрүүгийн хэрэг дээр тодорхой хүмүүсийн мэдүүлсэн мэдүүлгийг дэлгэрэнгүй нийтэд зарлах хуулиар хориотой. Ч.Ганзоригийг “Эрдэнэт” үйлдвэртэй хамааруулж саатуулсан асуудалд байхгүй. Түүнийг “Жаст”-ын хэрэг асуудалд холбогдуулан шалгаж байгаа. Тус хэрэгт Ш.Батхүү, н.Мөнхжаргал н.Амарбат, н.Галбадрах Ч.Ганзориг нарын таван хүнийг  шалгаж байна.

-Өнгөрсөн сараас эхлээд цагдаагийн дарга нарыг цагдан хорьж байгаа гэсэн асуудал яригдах боллоо?

-Цагдаагийн алба хаагчидтай холбоотой хэргийн тухайд цагдаагийн байгууллага ШШҮХ-ийн шинжээч нар худал дүгнэлт санаатай гаргасан гэсэн асуудлаар холбогдон шалгагдаж байсан шинжээч нарыг авлига хээл хахуулийн шинж чанартай асуудал тогтоогдож байгаа тул хамтарсан ажлын хэсэг байгуулагдсан. Улмаар ШШҮХ-ийн зохих шинжээч нарыг авлигын хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж шалгаж байгаа.

Авлигын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдийн хамаарал бүхий орон сууцнаас 1.3 сая ам.доллар бэлнээр хураасан. Тэр мөнгөний гарал үүсэл, юунд зарцуулагдах гэж байсныг нарийвчлан шалгаж байгаа.
Мөн Авлигын хэрэг дээр Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагч н.Алтан-Очир гэдэг хүнийг яллагдагчаар татан, цагдан хорьж байгаа нь үнэн. Энэ хүнтэй дээр дурдсан 1.3 сая ам.долларын асуудал холбоогүй. Түүнчлэн яг энэ хэрэг дээр цагдаагийн өөр хэн нэгэн албан хаагчийг холбогдуулан шалгаж байгаа зүйл байхгүй.

– Хууль зүйн сайд Ц.Нямдорж сайдтай холбоотой асуудлыг АТГ яагаад шалгадаггүй мухарладаг юм бэ?

-Монгол хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалтаас Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн 17 хөрөнгөтэй холбоотой асуудлыг шалгуулахаар хандсан. Үүнд дээр хэрэг бүртгэлт нээж, зохих шалгах ажиллагааг явуулсан. Дээр дурдагдсан бүх хөрөнгийг нэг бүрчлэн шалгасан. Энэ асуудалд ямар нэгэн байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн, авлига албан тушаалаа урвуулан ашигласан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Прокурор зарим нэг зүйлийг тодруулна. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

-60 тэрбумын асуудал юу болж байна вэ?

-Та бүхний мэдэж байгаагаар прокурор хэргийг хаасан. Ажлын хэсэгт орсон ТЕГ-ын үндэслэл бүхий баримтыг сэргээн шалгах шаардлагатай байна гэсэн хүсэлтийг дагуу дээд шатны прокурор хэргийг сэргээсэн.

Тагнуулын байгууллагаас голлон ажиллаж, цагдаа, АТГ-аас өөрсдийн чиг үүргийн дагуу мөн шалгаж байгаа.

 

 

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …