Монгол, Тайванийн баримтат киноны уран бүтээлчид хамтран ажиллах гарцыг нээв

 Монгол Улсын СУИС болон Тайваний Соёлын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран энэ сарын 18-21-нд зохион байгуулсан “Тайваний баримтат киноны наадам”, “Түүхэн он цагийг түүчээлсэн баримтат киноны уран бүтээлчид” уулзалт семинарын үеэр хоёр талын мэргэжил нэгтнүүд харилцан туршлага солилцов.

Энэ үеэр Тайваний Соёлын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Чэн Ши Хун хэлэхдээ, хоёр орон туулсан түүхэн он цаг болон ардчилсан хувьсгалыг өрнүүлж байснаараа ижил төстэй юм. Энэ удаагийн баримтат кино өдөрлөгт Тайваний ардчилсан хувьсгалын өрнөл, олон талт соёл, байгаль экологийн тэнцвэрт байдал зэрэг сэдвийн хүрээнд бүтээлээ Монголын үзэгчидтэй хуваалцаж, хоёр талын кино уран бүтээлчдийн цаашдын хамтын ажиллах гарц, боломжийг эрэлхийлж буйгаа илэрхийллээ.

Кино судлаач Б.Түмэн-Өлзий: Ойрын жилүүдэд Монгол Улсын кино олон улсын шинжтэй кино наадмуудад оролцож, Монголын түүх, уламжлалт угсаатны соёлын талаарх сэдэв илүү их олны талрхлыг хүлээж байна. Баримтат киноны хувьд цаашид хөгжих орон зай өргөн байгаа бөгөөд Монгол, Тайванийн  баримтат киноны уран бүтээлчид хамтран ажиллана гэж найдаж байна.

Монгол Улсын нэрт баримтат кино найруулагч Д. Хишигт: Түүхэн шалтгаанаас үүдээд Тайваний холбогдох газруудад Монголын түүх, соёлтой холбоо бүхий баримт, судалгааны материалууд тэр дундаа Чингис хааны иш хөрөг, Монголын нууц товчооны хятад эх хадгалагдаж байдаг бөгөөд энэ сэдвээр баримтат кино хийвэл илүү олон хүн Монгол Улсын агуу их түүхийг ойлгох болно.

СУИС урьд нь Польш, Япон, Турк зэрэг орны кино өдрүүд зохион байгуулж байсан туршлагатай бөгөөд энэ удаа Тайваний баримтат кино өдрүүдийг зохион байгуулж “Яагаад бухимдахгүй байна вэ? /Зэрлэг сараана цэцэгсийн хөдөлгөөн/”, “Хайрт Тайвань минь”, “Үүнээс хойш“, “Хар баавгайн ой”, “Нис, Цаасан шувуу минь нис“, “Зөв зүйл“, “Би яамгүйгээр амьдарч чадахгүй“ зэрэг нийт 7 баримтат кино бүтээлийг үзэгчдийн хүртээл болголоо.

Семинарт Тайваний талаас найруулагч Ван Жы Чэн, Тайваниий эмэгтэй кино бүтээгчдийн нийгэмлэгийн зөвлөх Чэнь Ли Гуй найруулагч, Ши Шинь их сургуулийн дэд профессор Ли Сянь Сиу найруулагч нар Монголын талаас найруулагч судлаач, багш нар оролцсон юм.

Санал болгох мэдээ

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Дуучин, гитарчин О.Гантулгын анхны бие даасан “Он жав” тоглолт энэ сарын 16-нд UB PALACE-ийн Концертын …