Монгол Улс Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Бурхан Халдун ууланд анхаарлаа хандуулахгүй байна

“Дэлхийн соёлын өв- Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” судалгаа, хадгалалт хамгаалалт сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал Монголын Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит уншлагын танхимд өнөөдөр эхэллээ.

Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг БСШУС-ын дэд сайд Г. Ганбаяр нээж үг хэлсэн юм.

Тэрээр хэлсэн үгэндээ “Монголын төрийн тахилгат үндэсний бахархалт Юнескогийн Дэлхийн соёлын өв Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг”судалгаа, хадгалалт хамгаалалт сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа эрдэмтэн судлаачид та бүхэнд БСШУС-ын яамны нэрийн өмнөөс чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж та бүхний судалгааны ажилд амжилтыг хүсэн ерөөе.

Бурхан Халдун уул түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг нь хүн төрөлхтний соёлын өвийн онцгой төлөөлөл гэж үзэж Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэнээс хойш 13 жил өнгөрч буй энэ цаг үед дэлхийн өвийн газар нутагт хийгдсэн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын гол үр дүн, хадгалалт хамгаалалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал цаашдын зорилтын талаар хэлэлцэгдэх энэхүү хурлыг Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэн, Япон улсын Отани Их сургуулиас санаачлан хамтран зохион байгуулж байгаад БСШУС-ын яамны зүгээс баяртай байна.

Монгол Улсын Засгийн газар Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн хосгүй зүйлийг судлан шинэчилж, хадгалж хамгаалах, сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зүйлийг олон улсын төвшинд хүлээж байгаа. Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх нь зөвхөн бахархал биш бас өндөр хариуцлага гэдгийг дүгнэн цэгнэж, цаашдийн ажиллаа төлөвлөхөд энэхүү эрдэм шинжилгээний хурал ихээхэн ач холбогдолтой гэж үзэж байна” гэлээ.

Тус хурлыг Монгол улсын Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэн, Япон улсын Отани Их сургууль хамтран зохион  байгуулж байна.

Дэмжигч байгуулагаар Япон сан, Шинжлэх ухааныг дэмжих Японы нийгэмлэг, Япон улсаас Монгол улсад суугаа ЭСЯ, Хэнтийн аймгийн нутгийн зөвлөл, Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа,  Монголын Үндэсний номын сан зэрэг байгууллагууд оролцож байгаа аж.

Уг хуралд Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан Б.Цогтбаатар, Байгаль соёлын өвийг хамгаалах сан ТББ-ын тэргүүн, МУСГЗ, доктор, профессор Н.Уртнасан, Хан Хэнтийн УТХГ-ын Хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Япон улсын Отани их сургуулийн доктор Такаши Мацукава, Шин-Ичиро Мияакэ, Япон улсын Сайд нарын зөвлөлийн зөвлөх асан Макото Мотонака, Япон улсын Шиманэ мужийн их сургууль доктор Осамү Иноүэ тэргүүтэй гадаад дотоодын нэрт эрдэмтэн судлаачид оролцлоо.

Өнөөдрийн хуралд оролцсон эрдэмтэн, судлаачид ”Бурхан халдун хайрхан Монголын эрдэмтдийн судалгаанд”, “Их Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутаг”, “Дэлхийн соёлын өв Бурхан Халдун хайрханы хамгаалалтын өнөөгийн байдал”, “ Монгол Японы хамтарсан “Гурван гол” төслийн судалгаа ба Бурхан Халдун”зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Энэ үеэр Бурхан Халдун хайрханд хийсэн судалгааны талаар хуралд оролцож буй эрдэмтдийн санаа бодлыг нь сонслоо.

Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун:

-Бурхан Халдун уул Монголын эрдэмтдийн анхааралд 17-р зуунаас өртсөн. Харин эрдэм шинжилгээний судалгааны талаас 1930–аад оноос А. Амар гуай анх Бурхан Халдуны талаар судалж эхэлсэн. Монголын эрдэмтдийн Бурхан Халдуны талаар судалсан судалгааг ерөнхийдөө дөрөв ангилж болно.

Нэгдүгээрт: Бурхан Халдун нэрийн тухай

Хоёрдугаарт: Бурхан Халдун их хориг мөн үү, биш үү

Гуравдугаарт: Бурхан Халдун тахилга шүтээнтэй уул, ус

Дөрөвдүгээрт:Бурхан Халдуны тухай домог, хууч яриа

Энэ дөрвөн чиглэлд Монголын өмнөө барьсан томоохон эрдэмтэд анхаарлаа хандуулсан байдаг.

Бурхан Халдун уул 1930 оноос өнөөг хүртэл Монголын хэл шинжлэл, түүх, угсаатны зүйн томоохон эрдэмтдийн анхаарлын төвд байсаар байгаа.

Бурхан Халдун уулыг Монгол улс Юнескогийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн хирнээ анхаарлаа хандуулахгүй байна. Өөрөөр хэлбэл Юнеско болон хүн төрөлтний өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй Бурхан Халдунд анхаарлаа хандуулж хамгаалалтын захиргааг нь одоог хүртэл байгуулаагүй, хамгаалах, цогц бодлого, судалгаа явуулаагүй зэрэг олон ажилууд байна. Хэрвээ бид Бурхан Халдун уулаа хүндэтгэж чадахгүй бол өөр хүндэтгэх юу ч байхгүй.

Байгаль соёлын өвийг хамгаалах сан ТББ-ын тэргүүн, МУСГЗ, доктор, профессор Н.Уртнасан: -Бурхан Халдун уулыг Дэлхийн соёлын өвд хоёр шалгуураар бүртгэсэн.

Нэгдүгээрт: Хүн төрөлтний түүхийн хөгжлийн тодорхой үе шатны хөгжлийн гэрч нотолгоо

Хоёрдугаарт: Дэлхийн дахины үнэ цэнэтэй уран зохиолын бүтээлтэй биет байдлаар шууд холбоотой

Бурхан Халдун уулыг ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгүүлснээр хүн төрөлхтний хамтын өв болсон ариун дагшин газар нутгийн дэлхий дахины хосгүй гайхамшигт үнэ цэнийг хадгалж, хамгаалж монголын төдийгүй хүн төрөлхтний хойч үед өвлөн уламжилж үлдээх үүргийг Монголын Засгийн газар, ард түмэн хүлээсэн. Тиймээс үүргийн дагуу хамгаалалтын захиргаа байгуулах, соёлын өвийг судалж бүртгэлжүүлж сан байгуулах, жуулчдын ая тухтай аялах орчин бүрдүүлэх, Бурхан халдун уулын үнэ цэнийг олон түмэнд сурталчлах шаардлагатай. Мөн ойр орчмоор иргэд хог тарих, газар хөрсийг нь гэмтээх асуудал ихээр гарч байна. Тиймээс бүх нийтээрээ хамтарч цэгцлэх цаг болсон.

Бурхан Халдун уул Монголын ард түмний эрхэмлэн шүтдэг уулуудын нэг нь билээ. Бурхан халдун хайрханыг 1995 онд ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уул болгосон юм.

Түүнчлэн 2015 онд Германы Бонн хотноо болсон ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны 39-р чуулганаас “Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутаг” хэмээх нэрээр Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн билээ.

 

 

Санал болгох мэдээ

Сонгинохайрхан дүүргийн 700 гаруй иргэн мэргэжил олгох сургалтад хамрагдаж гарааны бизнесээ эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны санаачилгаар  Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр “Цар тахлын …