Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхийг НҮБ-ын ЕНБД залуучуудад уриаллаа

Хүн төрөлхтөнд аюул занал учруулж буй уур амьсгалын өөрчлөлтийг гэтлэн давж, сайн сайхан ирээдүйгээ цогцлоохын төлөө залуучууд тэмцэх хэрэгтэй байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш даваа гарагт уриалав.
“Өнөө үед уур амьсгалын өөрчлөлт нэн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Бид бодит аюултай нүүр тулгараад байна. Уур амьсгалын өөрчлөлт бидний авч хэрэгжүүлж буй сөрөг арга хэмжээнээс илүү хурдацтай тэлж байна” гэж А.Гутерреш онцлон тэмдэглэжээ.

“Бид 2020 он гэхэд дорвитой өөрчлөлт хийж чадахгүй бол хүн төрөлхтөн гамшигт үр дагавар бүхий уур амьсгалын өөрчлөлтөөс зайлсхийх аргагүй болж, улам бүр эрсдэлд орох болно. Иймийн учраас би улс төрчид, бизнес болон шинжлэх ухааны салбарын манлайгчид хийгээд дэлхий нийтэд уриалж байгаа юм” гэж НҮБ-ын төв байранд үг хэлэх үеэрээ А.Гутерреш тэмдэглэжээ. Мөн тэрбээр ард иргэд ялангуяа залуучуудыг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг кампанит ажилд идэвхийлэн оролцохыг уриалсан байна.

Есдүгээр сарын 25-нд эхлэх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хуралдаан дээр энэхүү уриалгаа дахин дэвшүүлнэ гэж А.Гутерреш тэмдэглэжээ. Мөн тэрбээр ирэх оны есдүгээр сард уур амьсгалын өөрчлөлтийн талаархи дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …