Унадаг дугуйгаар аялах “Чингис хаан-2018” Азийн наадмын бүртгэл эхэллээ

Нэг өдөрт 88 км-ыг унадаг дугуйгаар аялах “ЧИНГИС ХААН-2018” Азийн наадмын бүртгэл эхэлжээ.

Тодруулбал, “Сити тоувер хотел” ХХК-ын “Khuvsgul lake” зочид буудал, Олон улсын унадаг дугуйн холбоо, “Hunnu tour” жуулчны бааз хамтран хоёр дахь жилдээ зохион байгуулж буй “ЧИНГИС ХААН-2018” Азийн унадаг дугуйн наадам 09 сарын 15-ны бямба гарагт болохоор товлогдсон байна.

Азийн орны дугуйчид “Дугуйгаар нөхөрлөхүй” уриан дор нэгдэж буй тус наадамд Монгол, Солонгос, Хятад, Япон зэрэг орны дугуйчид оролцох ажээ.

Аялалын маршрутын хувьд Сүхбаатарын талбайгаас гарч Монгол шилтгээн, Шилжрээнгийн даваа, Тэрэлж туулын бэлчирээр яваад Цонжин болдогт барианд ордог энэхүү наадам нь тэмцээн биш аялал юм.

Өглөө 5.30 цагт эхэлж 18 цаг хүртэл барианд орох аяллын зам бартаа ихтэй, ус гол гаталсан, даваа гүвээ давсан дугуйчин бүрийн  чадварыг сорьсон, сонирхолтой аялал байх учир аялалд оролцогч бүр баг бүрдүүлэн хамтын хүчээр туулдаг юм байна.

Өнгөрсөн жилийн тус наадамд 250 дугуйчин нэгэн дор цуглаж, унадаг дугуйны ашиг тусыг бусдад ойлгуулахын зэрэгцээ өөрийгөө сорьсон, дотоод, гадаадын аялагч дугуйчдаас туршлага судалсан, сайхан арга хэмжээ болсон гэж дүгнэн, дараа жилийнхийг сэтгэгдэл өндөр хүлээж байсан тухайгаа бүртгүүлэхээр ирсэн дугуйчид манай сэтгүүлчид хэлж байлаа.

Хэдийгээр аялал ч гэсэн дугуйчны ур чадвар, хурд хүчийг хувь хүн тус бүр өөртөө сорьж байгаа учир барианд орсон дугуйчин бүрт аяллын пасспорт, гэрчилгээ, медаль гардуулдаг, дугуйчид үүнээс маш их эрч хүч авдаг тухайгаа ч хуучилсан юм.

Амралтын нэг өдрийг өөртөө зориулж, олон улсын наадамд оролцох дугуйчдад зохион байгуулагчдын зүгээс аяллын бүртгэлийн цэг тус бүр дээр ус, цай, кофе, хөнгөн цайтай хүлээж байхаас гадна өдрийн хоолоор ч дайлах юм байна.

Гол ус их, зам бартаатайг тооцож зохион байгуулагчид том голын гармууд дээр Онцгой байдлын албатай хамтарч ажиллан, мөн эмнэлгийн үйлчилгээтэй машинаар аяллыг дагалдах аж.

Бүртгэлийн хугацаа 2018 оны 09 дугаар сарын 14-ний өдрийг дуустал бүртгэх бөгөөд бүртгэлийн хураамж нэг дугуйчин 35 000 төгрөг аж.

Унадаг дугуй сонирхогч хүн бүхнийг энэхүү наадамд оролцож, ОХУ, БНСУ, БНХАУ-ын унадаг дугуй сонирхогчидтой аялахыг урьж байна.

Бүртгэлийн хаяг: Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “Сити центр” барилгын 1301 тоот.

Холбоо барих утас: 8828-8223

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.