Түгээлтийн автомашинуудыг цагийн хязгаартай хөдөлгөөн оролцуулна

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотой авто замын ачаалал эрс нэмэгдсэн. Үүнтэй холбоотой зарим зохицуулалтыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболд хийлээ. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаанд хотын дарга оролцож зарим шийдвэрийг гаргасан байна.

Улаанбаатар хотын бүсэд өглөө 06.00-10.00 цаг, оройн 16.00-20.00 цагуудад борлуулалт түгээлт болон тохижилт үйлчилгээний гэх мэт ачааны автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргав.

Мөн нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээний цагийг уртасгах талаар ярилцсан байна. Нийтийн тээврийн үйлчилгээний өглөө оройн ачаалалтай цагуудад дундын зогсоолоос явуулах 27 чиглэлд 38 тээврийн хэрэгсэл, эх авах болон оройн буух цагийг уртасгах шаардлагатай 32 чиглэл байгаа юм.

Зарим төв замын дагуу нийтийн тээврийн зогсоолууд стандарт шаардлага хангаагүйгээс түгжрэл үүсдэг. Тухайлбал, төв номын сангийн автобусны буудал нь стандартын бус учир нийтийн тээврийн хэрэгсэл буудал дээр багтахгүй, нэгдүгээр эгнээнд зогсдог зэргээс хөдөлгөөнд оролцож байгаа автомашинтай давхцаж түгжрэл болон зам тээврийн осол гарах нөхцөл үүсдэг. Үүнийг шийдвэрлэж стандартад нийцсэн зогсоол болгох талаар холбогдох албаныханд үүрэг өгсөн байна.

Энхтайваны өргөн чөлөөний ачаалал эрс нэмэгдсэн учраас хөдөлгөөний ачааллыг багасгах үүднээс зарим уулзварт зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм. Энэ ажлын хүрээнд Хүүхдийн ордны баруун хойд уулзварт зүүнээс баруун тийш эргэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Төв шуудангийн уулзвараас ГХЯ-ны уулзварын хооронд хойд урсгалдаа 140 суудлын автомашин багтаж зүүн гар тийш гурван эгнээгээр Чингисийн өргөн чөлөө рүү эргэдэг. Энэ хөдөлгөөн Төв номын сангийн баруун урд талын явган зорчигчийн гэрлэн дохион дээр саатаж, Энхтайваны өргөн чөлөө Зүүнээс баруун, баруунаас зүүн тийшээ шулуун явах хөдөлгөөнд саад учруулдаг. Тиймээс дээрх хөдөлгөөнийг ГХЯ-ны уулзвараар эргүүлж П.Гэндэнгийн гудамжтай холбож гэрлэн дохиотой уулзвар болгон зохицуулах зохион байгуулалтын ажил хийгдэхээр боллоо.

Авто замын хөдөлгөөнийг зохицуулах алба хаагчдыг уртасгасан цагаар ажиллуулах, нэмэлт цалингийн асуудлыг хотын дарга шийдэхээ мэдэгдлээ.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.