Хятадын эртний гар урлалын технологи буюу мянган жилд элэгдэхгүй урлагийн бүтээлүүд

Дэлхийн улс орон бүр өөр өөрийн онцлог шинж чанарыг хадгалсан соёлын дахин давтагдашгүй бахархалтай байдаг. Европын орнууд шар айраг, дарс исгэх, хадгалах нарийн технологио одоо гайхуулсаар байгаа бол азийн орнууд цай хандлах, торго нэхэх арга технологио дэлхийд гайхуулсаар байгаа билээ. Тэгвэл Хятад улс бол хүр хорхойг тэжээж, түүний шүлсээр торго нэхэж, сүлжих технологийг нэвтрүүлсэн дэлхийн анхдагч улс юм. Энэ ч утгаараа торгыг дагасан сүлжмэл, хэмэрлиг сүлжих, дарамлан будах, хатгах, ээрэх гээд Хятадын үндэстнүүдийн эртний гар урлалын технологиуд одоо ч гайхагдсаар байна. Нарийн хээ угалз, зүүг бийр мэт ашигласан нэхмэлүүд, сүлжмэлүүд Хятадын эртний үндэстний соёл, уламжлалыг илтгэнэ. Даавууг зүгээр л будаад өнгөрөх бус уяж будах технологиор дахин давтагдашгүй өнгө гаргаж, зөвхөн нэг л үндэстэн мэдэх аргачлалаар торгон даавуун дээр эртний хятадын уул, ус, ан амьтанг дүрсэлж, дэлхийд гайхагдах, соёл уламжлалаа авч үлдэж чадсан хятад үндэстэнг биширмээр. Эртний торго нэхэх, даавуу будах технологийг яг дэргэдээс нь харах боломж, Уран зургийн галерейд нээлтээ хийсэн  ӨМӨЗО-ны соёлын өдрүүд арга хэмжээний хүрээнд олдсон юм. Ингээд Хятадын эртний торго сүлжих, будах технологиос өөрийн сонссон мэдээллийг хуваалцая.

Хятадын Сүжөүгийн үндэсний зурагт торго сүлжих технологи

Зурагт торго бол Сүжөүгийн эртний торгон сүлжмэлийн нэгэн төрөл. Сүжөү болон тухайн бүс нутаг хавьцаа илүүтэйгээр дэлгэрсэн байдаг. Эрт цагт мод болон хулсаар хийсэн орхиц, товшуур зэргийг ашиглан таван өнгийнхүрийн ширхгээр өнгө будаг ялган сүжлдэг байжээ. Ингэж л зурагт торгон сүлжмэлийн анхны технологи үүссэн бөгөөд цагийн явцад улам боловсронгуй болж хөгжсөөр өнөөдрийг хүрсэн байна.


Сүлжмэлийн хээ угалзыг ар өвөр гэж ялгадаггүй. Зурагт торгыг үрэх, нухах, угаах зэрэгт тэвсэртэй болохоор “Мянган жилд элэгдэхгүй урлагийн бүтээл” хэмээн онцлон нэрлэжээ.

Дай үндэсний хэмэрлигийн технологи

Хэмэрлиг бол зурагт торгон сүлжмэлээс арай хожуу үед үүссэн гэх боловч нэхмэлийн салбарын хамгийн төгс технологи юм. Дай үндэстний хөдөлмөрч зангийн илрэл. Эртний Дай үндэстний өдөр тутмын амьдрал, шашин шүтлэг зэрэгтэй хэмэрлиг нь нягт уялдаа холбоотой байж.

Дай үндэсний хэмэрлиг нь цагаан дээр дан цулгуй хээ угалз бүхий байна. Гэхдээ хээ угалзны дүрс амьдлаг, олон дахин давхардсан хичээнгүй ажлын үр дүн байдаг. Угалзууд тэгш хэмт, үргэлжилсэн, сийрэг нягтыг уялдуулсан, бодит болон хийсвэрлэлийн уран сэтгэмжийн илэрхийлэл байдаг. Тиймээс ч Дай үндэсний хэмэрлиг Хятадын хэмэрлигт тодорхой, үнэ цэнэтэй байр суурийг эзэлдэг байна.

 Бай үндэстний уяж будах технологи

Уяж будах технологи нь Хятадын эрт цаг үед хамаардаг. Далигийн Бай үндэстэн уяж будах аргачлалаар хамгийн алдартай нь. Хятадын Соёлын яамнаас Бай үндэстэнг “уяж будах технологийг үндэслэгч” хэмээн нэрлэсэн байдаг байна. Уяж будах гол дараалал бол хээ угалз зурах, уях, дэвтээх, будах, жигнэж чанах, ээж хатаах, уяа утсыг авах, тээрэмдэх зэрэг юм.

Энэ нарийн ажиллагааны дараа гайхалтай өнгө даавуунд шингэсэн байдаг байна. Технологийн зангилаа бол уях болон будах ажиллагаа юм. Будах хувин, будах шийдэм, жааз, чулуун тээрэм зэрэг нь уяж будах технологийн чухал багаж хэрэгсэл юм.

Манж үндэстний хатгамал

Хатгамал бол Манж үндэстний хамгийн өвөрмөц уламжлал юм. Өдөр тутмын амьдралын хэрэглэл, бүхий л зүйлсэд хамгамалын үр нөлөө их байдаг. Үндэстэн бүр өөр, өөрийн гэсэн онцлог хатгамалтай. Сүжөүгийн хатгамал, Сычуаны хатгамал, Гуанжөүгийн хатгамал зэрэг хятадын үндэстний шинж чанараа хадгалж үлдсэн хатгамалууд байдаг.

Эднээс Манж үндэстний хатгамал илүү уран нарийн, гоо сайхнаараа ялгардаг. Торго болон өөрсдийн нэхсэн хөх, цагаан даавууг түүхий эд болгон ашигладаг. Хатгамал нь зүүн баруун талд тэгш хэмтэй байхыг эрхэмлэдэг. Тухайлбал, баруун талд хөх луу дүрсэлсэн бол зүүн талд цагаан бар дүрсэлдэг нь Манж хатгамалын онцлог давуу тал юм.

 Хэжэ үндэстний загасны арьсан технологи

Умард Хятадын хүйтэн усны загасны арьсаар олон төрлийн эд зүйлс хийж болдог гэдгийг Хэжэ үндэстний технологиос харж болно. Загасны арьсаар эд зүйлс хийх соёл бол урамд өргөргийн 45 хэмээс дээш бүс нутгийн өвөрмөц соёл юм. Түүхэнд энэ бүсэд оршдог бүхий л үндэстэн загасны арьсаар эдлэл хийх соёлын арга барилтай байсан гэдэг. Гэвч он цагийн явцад загасны арьс ашиглах соёлын арга барил гээгдсээр Хармөрөн мужийн Тунжян хотын Жүжиньжөү шянгийн Хэжэ үндэстэн уламжлалт соёлоо авч үлдэж чаджээ. Хэжэчүүд урт хугацааны туршид загас агнуураар амьдарч, загас барих, идэх, загасны арьсаар байшин барих, завь хийх, хувцас хунар оёх зэргээр “Загасны арь эзэгнэгч үндэстэн”  болж чадсан байна.

Уламжлалт загасны арьсны технологи нь нэг иж бүрдэл боловсруулах явц юм. Үүнд өвчих, хатаах, элдэх, эсгэх, оёх, урлагийн засал чимэглэл хийх зэрэг дараалал багтдаг бөгөөд Хэжэ бүсгүйчүүд бүгд энэ технологид гаршдаг байдаг байна.

Арга технологи нь анхаарал татсан цөөн соёлын өвөөс танилцууллаа. Хятадын их гүрний соёлын өвийг бүгдийг нь танилцуулна гэдэг ихээхэн хөдөлмөр шаардсан ажил болох биз. Гэхдээ л Монголдоо Хятадын эртний соёлын өв, загасны арьсан эдлэл, даавуу будах технологи, зурагт торго нэхэх аргачлал зэргийг харж танилцсантай баяртай байна. Удахгүй Улаанбаатарын соёлын өдрүүд Хөх хотод зохион байгуулагдана. Тэр үеэр манай ноолууран эдлэл, арьс шир бэлтгэх арга аргачлал, Дарьгангын урчуудын соёлын өвд бүртгэгдсэн бүтээлүүдээ танилцуулж, гайхагдана гэж итгэж байна. Соёлын солилцооны нэг зорилго ч энэ болов уу. Жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж байгаа энэ арга хэмжээнээс хөрш зэргэлдээ орших найрамдалт улс орнуудыг эртний өв соёл, орчин цагийн технологитой хэрхэн уялдаж, хэрхэн хөгжиж байгаа талаар мэдэж, танилцах, өвлүүлэн үлдээх боломжийг бүрдүүлж өгч байгаад хоёр орны иргэд талархалтай хандаж байна.

 

Санал болгох мэдээ

Халиа тошин үүссэн зургаан байршилд мөс зөөх ажил үргэлжилж байна

Сэлбэ голын урсацыг сайжруулах, шар усны үерийн эрсдэлээс сэргийлэх зорилгоор тус голын мөсийг зөөн тээвэрлэж …