Айдасгүй хүнс

Жин хасах хамгийн сайн арга оройн хоолноос татгалзах гэдэг зөвлөгөө турахыг хүсч буй бүсгүйчүүдийн хувьд авралын алтан дүрэм мэт санагдах нь бий.

Гэхдээ өдөр ажлынхаа заваар хам хумхан хооллосон нэгэнд орой хариад өлөн ходоодтой унтахаар хэвтэнэ гэдэг чамгүй тэвчээр шаардана. Магадгүй нойр хүрэхгүй эргэж хөрвөх, эцэст нь ядаргаанд орж турах гэснээсээ ч эс юм болж мэднэ.

Тиймээс оройн цагаар ходоодоо баярлуулж, өлсгөлөнгөөс өөрийгөө аврах илчлэг багатай хүнсний тухай мэддэг байхад илүүдэхгүй.

Ийм хүнсний жагсаалтыг брокколи буюу манайхан цэцэгт байцаа гэж нэрлэдэг ногоо тэргүүлдэг. Хүнсний дэлгүүр, захад элбэг байдаг брокколи А, С, В витамин, кальциар баялаг. Мөн калий, селен, сульфорафен гээд ашигтай бодис хангалттай агуулагддаг аж. Тиймээс дархлаагаа сайжруулах, цусны даралтыг тогтворжуулах, эрт хөгшрөлтөөс сэргийлэх талын ач холбогдолтой брокколиг хоолныхоо цэсэнд заавал оруулах хэрэгтэй. Мөн турахыг хүсч буй бүсгүйчүүдэд зөвлөхөд 100 грамм брокколи ердөө 30 ккал илчлэгтэй учраас оройн хоолондоо хэрэглэхэд жин нэмнэ гэж айх хэрэггүй.

Өргөст хэмхний илчлэг ердөө 11-14 ккал байдаг. Гэхдээ 100 грамм өргөст хэмхэнд шүү дээ. Энэ ногооны 95 хувь нь ус хэдий ч калий, магнигаас гадна бидний хоол хүнснээс аюдаг нүүрсхүчлийг саармагжуулдаг тартоны хүчил их хэмжээгээр агуулагддаг учир биед өөх хуримтлагдахаас сэргийлэх шидтэй.

Жимсний төрлөөс грейпфрут, лийр, ананасыг таргалахаас айлгүй идэж болно. Эдгээр жимс илчлэг багатай ч, ашигтай амин дэм ихтэй. Мөн зун наймдугаар сард шинэхэн шийгуаг өглөө үдэш гэж айлгүй зооглож болно.

Өндөгний шар уургаар баялаг төдийгүй өөхийг шатаах шидтэй. Тахианы нэг ширхэг өндөгний шараас 11 грамм уураг авч болох ч илчлэг нь ердөө 17 ккал учраас хамгийн ашигтай хүнсний нэг болж чадна. Тиймээс оройн хоолондоо амттайхан омлет зооглоход жин нэмнэ гэж айх хэрэггүй гэнэ. Гэхдээ мэдээж тос багатай бас элдэв хачиргүйгээр шүү дээ.

Тослог багатай сүү, сүүн бүтээгдэхүүнээс хэзээ ч битгий татгалз. Оройтож хариад бас ходоод хоол нэхээд хэцүүхэн байвал аяга тараг уучихад таны бие организм талархаж таарна. Аяга тарагны илчлэгийг 30 ккал гэж тооцоолсон байдаг юм.

Манайхан оьёсны нэвс буюу геркулесыг өглөөний цайндаа нэлээд хэрэглэдэг болсон. Үүнийг орой ч бас идэж болно. Элдэв амин дэмээр баялаг учраас илүүдэл жинтэй хүмүүст илүү үр дүнтэй. 100 грамм нэвснээс 160 орчим ккал илчлэг авах учир айхавтар болгоомжлоод байх хэрэггүй. Гэхдээ мэдээж хэтрүүлж идвэл, бас өдөр бүр хэрэглэхэд сөргөөр нөлөөлж таарна. Тухайлбал, байнга идэхэд кальцийн хуримтлалыг бууруулах талтай гэнэ.

Зарим орой өөхгүй хар мах, тахиа, цацагт хяруулын шарсан биш чанасан багахан зүсмээр өөрийгөө эрхлүүлэхээс бүү татгалз. Ийм төрлийн махнаас 170 ккал-аас илүү илчлэг авахгүй. Мөн далайн бүтээгдэхүүн, бүх төрлийн загасны махны илчлэг 70-150 ккал байдаг.

Хэрэв та хачиртай талханд “нугасгүй” бол униахынхаа өмнө ганц нэгийг идчихлээ гээд санаа зовохоор зүйл болохгүй. Гол нь хавчуурга нь тахиа, шувууны мах, талх нь хөх тарианы эсвэл бүхэл үрийн гурилынх байх ёстой.

Амттанаас татгалзаж чаддаггүй бүсгүйчүүд оройн хоолны үеэр хатаасан жимс, багахан хэмжээний зөгийн балаар хорхойгоо дараарай. Түүнээс жижигхэн гэж хууртаад бялуу, боов боорцог эргүүлбэл турах гэсэн хичээл зүтгэл тань талаар болох эхлэл тавигдана гэсэн үг.

Эцэст нь аяга ногоон цай уухыг өөртөө зөвшөөр. Мэдээж хэрэг ямар ч чихэр, сүү энэ тэр гэсэн хольцгүйгээр. Ногоон цай таны биед хэрэгтэй эрдэс бодисыг өөртөө агуулсан байдаг нь өдрийн аль ч цагт уухад ашигтай.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …