Сургаал айлдахгүй бол болохгүй болсон Трамп

Аль нэг улс орныг Английн хувиршгүй холбоотон, эсвэл мөнхийн дайсан хэмээн үзэх нь харалган бодлого хэмээн би үздэг. Бидэнд хувиршгүй холбоотон байхгүй, мөнхийн дайсан ч байхгүй. Бидэнд зөвхөн хувиршгүй, мөнхийн эрх ашиг л гэж бий. Түүнийг мөрдөх нь манай үүрэг мөн-

Энэхүү лут үг XIX зууны Британийн суут улстөрч Xенри Жон Темпл Палмерстоны амнаас 1848.03.01-нд Нийтийн танхимд цууриатсан юмсанж. Ямар ч өнцгөөс, хэзээ ч, хаана ч ухаж бодсон, яалт ч үгүй үнэн, зөв үг.

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч болох oдooгийн эрхэм маань энэ үгийг уншсан, мэддэг, санадаг, ухаардаг болов уу гэх бодол бүр сонгуулийн кампанийнх нь явцад надад ажиглагдаад, би түүнийг “XXI зууны Палмерстон–Трамп” гэж өргөмжлөн улс төрийн хөргийг нь уншигчдадаа толилуулж байсансан.

Трампын гадаад бодлогын номлол гэдгийг томъёолох гэж дэлхийгээрээ хоёр жил мучийцгаалаа

Харин хоёр жил өнгөрсний дараа би тэр үнэлгээнээсээ буцахаас аргагүй болж байна. Тэрээр АНУ-ын үндэсний эрх ашгаас хол зөрсөн, огцом, заримдаа тэнэг ч гэмээр мэдэгдэл, хэрүүл дэгдээж АНУ хэмээх асар том корпорацийн СEO (chief executive officer) аятай аяглах нь хэтэрлээ. Одоо бол алхам тутамдаа түүнийгээ нотлоод байх шиг.
Трампын гадаад бодлогын номлол гэдгийг бид томъёолох гэж хоёр жил мучийцгаалаа. Дэлхийгээрээ шүү дээ. Тэрээр байр сууриа байнга өөрчилдөг, гэнэт гэнэт огцом мэдэгдэл хийдэг, цочроодог тул яг тийм бодлого явуулж байна гээд онож нэрлэхэд тун түвэгтэй болж байна. Буруу зөрүү ярьсан хэлснийг нь залруулах гэж Төрийн департамент, ТНБД, зөвлөхүүд нь байдгаараа хичээх юм. Гэхдээ АНУ-ын гадаад бодлогын ерөнхий жанжин шугам хэвээрээ үргэлжилж буй хэмээн найдаж болно.

Трампын номлол гэж үзэxээр цогц бодлогоо анхлан 2016.04.28-нд Никсоны төвд (“Үндэсний эрх ашиг” төв) тавьсан илтгэлдээ тусгасан. Түүнээс хойш олонтаа мэдэгдэл хийж, байр сууриа тодруулсаар, тангараг өргөн өргөтлөө байнга тэгсэн дээ. Трампын тэр төвд ярьсан болон бусад мэдэгдлээс нь үзвэл АНУ-ын гадаад бодлого дараах байдлаар буухаар байлаа. Ойлгомжтой, шууд тусах үүднээс хүснэгтэнд буулгалаа.
Үндэсний эрх ашиг гэдэг дээрээ “чухал” гэх тодотгол нэмчихжээ. Чухал эрх ашиг гэж тусдаа онцгой эрх ашиг гаргаж ирэн мөрдөх нь ээ хэмээн ойлгогдож байв. АНУ ямагт нэгдүгээрт, тэргүүн ээлжинд байх ёстой гэдэг нь ч шинэ маягийн “палмерстонч”-ийн (марксч, ленинч, маоист гэдэг шиг) байр суурь гэлтэй бууж байв.

Хүний эрх, ардчилал, ардчиллыг түгээн дэлгэрүүлэх, даяаршил, либерал-интервенционизм, либерал хүмүүнлэгийн үнэт зүйлс–энэ бүгд Дональд Трамп гэх XXI зууны палмерстончийн зорилго, хүсэл тэмүүлэл биш болж таарчээ.

Өрнийнхний нийгэм-улс төрийн байгууллын загвар, ардчиллын загвар, институцийг бүх дэлхийд түгээн хэрэгжүүлэхээс тэрээр татгалзана гэдгээ яг тэгж зарласан ба хэрэв тэгвэл АНУ-ын гадаад бодлого, глобал бодлого үлэмж хэмжээгээр өөрчлөгдөх магадлалтай нь харагдсан. Ерөөсөө АНУ ардчиллын тугч байх эрх, үүргээсээ татгалзах юм байна гэсэн сэтгэгдэл төрж байсан даа.

Тэрээр холбоотон, холбоотны харилцаа гэдгээ цоо шинэ өнцгөөс харна, томъёолно гэж ярьсан. Түүндээ хүрэхээр жил хагас улайрлаа. Нэгэнтээ НАТО-ийн 29 гишүүн орнуудаас ихэнх нь төлбөр бага төлдөг, НАТО-ийн төсвийн 73 хувь нь АНУ-д ногдож байдагт сэтгэл дундуур, бүр уур хилэнтэй хандаж байсан. Одоо ч тийм байгаа бол “Европын нэгдсэн арми” – Европын батлан хамгаалалтаа Өрнөд Европын улс орнууд түргэхэн эмхлэн байгуулсан нь дээр юм байна. Өртгөө төлж холбоотон бай гэдэг нь Оросын эсрэг санкц тавьсан, тавьсаар буй. Орос-НАТО-ийн харилцаа хурцдан буй энэ цаг үед хэр оновчтой шаардлага вэ гэдгийг АНУ-ын Сенат, Конгресст Трампын эсрэг асуудал болгон тавьж байна.

Дональд Трампын үндсэн зарчим нь “Мөнгөө төл!”

Америк-Хятадын харилцаанд ойлгомжгүй байдал үүсэж магадгүй гэмээр зүйл Трамп олонтаа давтан ярьсан, ярьсаар ч яваа, тийм ч байна. “ТРР” гэх олон талт хэлэлцээрээс гарна гэдгээрээ гарсан, 20 гаруй жил мөрдсөн Умард Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрийг мөрдөхөө зогсооно гэсэн, бас тэр зам руугаа орж байх шиг. Дагалдаад нэн ойлгомжгүй байдал үүсгэчихээд байна.

“Мөнгөө төл!”– түүний үндсэн шаардлага. Мөнгөний тооцоо бодоод байтал Орос, Хятад, Европ гэсэн гурван дайсныг Трамп тодруулаад авлаа. Худалдааны хэлэлцээрээр АНУ мөлжигдөж дуусч байгаа тул Европын холбоо нь Трампын нүдээр «дайсан» нь болж харагджээ. «Бидэнд олон дайсан байна хэмээн би боддог» – мэдэгдэл нь.

Трамп ярьж байна: Худалдаан дээр Европын холбоо бидний дайсан. Европын холбооны тухай Та нар хэзээ ч тийм гэж бодож байгаагүй байх. Гэтэл тэд бол манай дайсан. Орос бол тодорхой харилцаагаар авч үзвэл дайсан, Хятад–эдийн засгийн дайсан. Гэхдээ тэднийг би муу гэж байгаа юм биш. Тэд бол манай өрсөлдөгчид. Би Европын Холбооны орнуудын лидерүүдийг хүндэтгэдэг. Гэтэл худалдааны салбарт биднийг ёстой ашиглаж байна. Тэдгээрээс олон орон нь, НАТО-гийн гишүүд төлбөрөө төлөхгүй байна. Гишүүн улс орон бүр ядаж ДНБ-ийхээ 2 хүртэл хувийг батлан хамгаалахдаа зарцуулахгүй байна. Герман Оросоос байгалийн хий авахын тулд Балтийн тэнгисээр хийн хоолой тавих тухай хэлэлцээр байгуулсныг шүүмжилмээр байна. Тэд Орост тэрбум тэрбум доллар жилд эрчим хүчний төлөө өгөх гэж байна. Энэ бол сайнгүй хэрэг. Шударга бус байна.

Үнэндээ ч АНУ-тай хийсэн худалдаандаа Европын холбоо 2017 онд 151 тэрбум долларын илүү ашиг хүртсэн. АНУ-аас авдаг импортондоо (бурбон виски, жийнс, мотоцикль – АНУ-ын бахархал, бэлгэ тэмдэг болсон бараа) өндөр татвар тавьсан юм бол АНУ эргүүлээд Европын хөнгөн цагаан, ган цувималд өндөр татвар тавихаас аргагүй байх л даа.

“Худалдааны tariff гэдэг чинь үнэт зүйл биш ээ” хэмээн ардчиллын тухай хичээл заах дээрээ тулсан хоёр намын хэсэг сенатчдыг энд бас чихнийхээ хажуугаар өнгөрөөж тун болохгүй юм шиг. НАТО-ийн эвслийн үндсийн үндэс болсон харилцан хамгаалах зарчим гэдгээ Трамп ойлгохгүй, харин ч НАТО-г хагалан бутаргах алхам хийлээ гэсэн зэмлэл Америкийн зарим хууль тогтоогчдоос цухалзсаныг эргэж санууштай. НАТО-оос АНУ дур мэдэн гарч болох юм шигээр Трамп хамаа намаагүй ярьсан нь бүр ч их эсэргүүцэлтэй тулгарлаа.
Сенатын шийдвэргүйгээр ийм алхам хэрэгжүүлэхгүй тухай хуулийн төсөл ч яригдаад эхэллээ. БНН-аас сонгогддог нэгт сенатч агсан Жон Маккейн цөхрөнгөө бараад Трампад хичээл зааж сургамжлах дээрээ тулжээ. Трансатлантын цэргийн холбоогоо АНУ-ын Ерөнхийлөгчөөс тийм хуулийн хүчээр хамгаална болоод явчихлаа. “НАТО-гийн холбоотнууддаа Америкийн Ерөнхийлөгч туйлын муу хандлаа. Ингэхэд Умард Атлантын эвсэлдээ Вашингтон үнэнч байж чадаж байна уу гэх эргэлзээ Америкийн Засгийн газарт төрлөө. Тэгж ярих юм бол НАТО л АНУ-ыг ийм амжилттай, аюулгүй улс орон болгосон юм. Аюулгүй байдал, хүний эрх, хууль ёсонд үндэслэсэн ардчилсан ертөнцийн төлөө 70 жилийн турш НАТО дахь манай холбоотнууд өөрсдийгөө золиосолсныг Та мэдэх үү?”– Маккейн асуулга тавьж байжээ.

Хельсинкэд Дональд Трамп Владимир Путинтэй уулзаж хэлэлцээ хийснийг нь Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Сенатын олон улсын харилцааны хороон дээр зөвтгөн тайлбарлаж махаа идэж суухыг бид ТВ-ээр харсан даа. “Трамп Путинд ямар нэгэн нууц амлалт өгсөн үү?”, “Ерөөсөө Хельсинкийн саммит дээр Америкийн Ерөнхийлөгч юу ярьчихсан юм бэ?” гээд л цаадуул нь байцаагаад л, ТНБД өрөвдөлтэйгээр ороогдож байв.

Америкийн эрх ашгаас Трамп урвалаа. Путинтэй дэндүү болхи, эвлэрэнгүй харилцлаа болоод явчихсан. АНУ-ын хоёр гол намын төлөөллүүд хэвлэлийн хурал дээр Трампыг мөн ч авч өгч байсансан. “Хельсинкэд хийсэн хэвлэлийн бага хурал манай орны хувьд хамгийн гунигт өдөр байлаа” хэмээн Сенатын олон улсын харилцааны хорооны дарга бөгөөд Трампын өөрийнх нь БНН-ын сенатч Боб Коркер мэдэгджээ.

Крымийг Орост хавсарган нэгтгэснийг АНУ зөвшөөрчихсөн юм биш байгаа хэмээн америкчууд хардсан, сенатчид ч хардсан. Помпео хариулж байна: АНУ Кремлиэс хэрэгжүүлсэн Крымийн аннексыг хүлээн зөвшөөрөхгүй, хүлээн зөвшөөрөхийг завдаагүй. Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал сэргэтэл Москвагийн эсрэг эдийн засгийн санкц хүчинтэй хэвээр байх болно.

Трамп Хельсинкээс буцаж очоод энэ намартаа буюу 9 дүгээр сард Путинийг АНУ-д хүлээн авах юм болоодохсон чинь тэр нь АНУ-ын эрх ашиг биш болж таарсан. Амны зоргоор тэгж урьдаггүй, айлчлал уулзалтыг шинэ 2019 он гаргаад хэрэгжүүлнэ хэмээн Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон залрууллаа.

Трамп хань нөхөр нь биш юм байна гэдгийг тэд одоо л олж харах шиг боллоо

Трампын эсрэг хардлагыг арилгах үүднээс АНУ-ын Төрийн департамент «Крымийн тунхаглал» гэдгээ гаргаж албан ёсны сайтдаа тавьчихлаа. Майк Помпео гарын үсгээ зуржээ.

Трампын бас нэг супер үзүүлбэр нь Засгийн газраа хаана тараана хэмээн дарамталсан явдал боллоо. Мексиктэй залгаа хил дээр хана хэрэм босгох, хил хамгаалах тухай хуулийн төсөлд АН-ынхан эсрэг санал өгвөл би Засгийн газрыг хаах болно гэжээ. «Манай орныг зорих аугаа хүмүүс л бидэнд хэрэгтэй!»– Трампын нөгөөх л уриа.

Ерөөсөө АНУ маань Ялта-Потсдамын олон улсын дэгээс татгалзах, эсвэл өөр шинэ дэг олж тогтоохын эхлэлийг тавих нь уу гэсэн эргэлзээг Трамп дэлхий дахинд бий болгосон. Европын олон улсын харилцааны өнгө аяс, чиг хандлагад огцом гэмээр өөрчлөлт орвол хэрхэх вэ гэдэг дээр европчууд тархиа гашилган Трампын он жилүүдийг туулж байх шиг.

Трампыг өөрийн хүн гэж итгэчихсэн хөөрцөглөж явсан Европын хэт барууны, популист, үндсэрхэг, цагаачлалыг эсэргүүцэгч нам, хөдөлгөөн, улс төрчид (Норберт Хофер, Марин Ле Пен, Герт Вилдерс гэх мэт олон улс төрч) баяр бахдалаа цээжидээ барьж ядан, 2017 оны сонгуулиудаа (Австри, Итали, Нидерланд, Франц, Герман) тэсэн ядан хүлээсэнсэн. Гэм нь тэд бүтэлгүйтсэн буюу бүтэлгүйтэх чигтэй байна. Трамп хань нөхөр нь биш юм байна гэдгийг тэд одоо л олж харах шиг боллоо.

Трамп ингэж муйхарласаар АНУ-ыг ганцаардуулах, АНУ дэлхийн бодлогоос холдох, АНУ уламжлалт түүхэн холбоотнуудаасаа хөндийрөх, АНУ ба Өрнөд нэгдсэн үнэт зүйлээсээ холдох, Трамп өөрөө АНУ-даа ад болох нь уу гэх айдас, сэрэмжлүүлэг АНУ-д ид яригдаж байх шиг.

Ямар ч атугай Трампын Цагаан ордонд заларсан жил хагас гарангийн түүх ихээхэн сонирхолтой, адармаатай өрнөлөө. 2020 он хүргэж чадах эсэх, чадвал хэрхэн өрнөх, дахин 4 жилээр сонгогдохоор лоббидоод тэр нь хэр үр дүнд хүрэх эсэхийг үлдэх цаг хугацаа шүү!

Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүү

Нийтлэлчийн зөвшөөрөлтэйгөөр нийтлэв

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.