Л.Дашдэмбэрэл: Хичээлийн шинэ жилийн бэлтгэл 100 хувь хангагдсан

Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэлээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.

-Хичээлийн шинэ жилийн нээлт маргааш болох гэж байна. Бэлтгэл ажил хэр хангагдсан бэ?

-Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын үйлчилгээ явуулдаг сургуулиуд есдүгээр сарын 1-ний 14 цагаас нээлтээ хийхээр товлогдсон. Тиймээс сургууль цэцэрлэгүүд бэлтгэл ажлаа 100 хувь хангасан байгаа. Маргааш зөвхөн нээлт болно. Харин хичээлийн үйл ажиллагаа даваа гарагт буюу есдүгээр сарын 3-наас эхэлнэ.

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод хувийн болон төрийн өмчийн хэчнээн сургууль, цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаа бол?

-2018-2019 оны хичээлийн жилд төрийн өмчийн 222, төрийн бус 248 цэцэрлэг, төрийн 137, хувийн 115 сургууль үйл ажиллагаа явуулахаар байгаа.

-Гурван ээлжээр хичээллэж байгаа сургуулийн тоо

-Ийм маягаар хичээллэдэг сургууль 2016-2017 онд 31 байсан. Хэвийн болгохын тулд хөрөнгө оруулалт, санхүүжүүлэх зэрэг цогц арга хэмжээг авснаар өнгөрсөн онд 19 болж буурсан байгаа. Энэ хичээлийн жил эхлэхэд яг хэчнээн сургууль гурван ээлжээр хичээллэж байгаа нь тодорхой болно. Одоогоор нарийн тоо гараагүй байна.

-Шинээр баригдах сургууль цэцэрлэгүүд энэ ондоо багтаж баригдах уу?

-Мэдээж хэрэг, нийгмийн хамгийн их хүлээж буй зүйлийг нэг нь энэ. Барилгын ажил нь дуусах нэг сургууль бий. Үүнээс гадна шинээр баригдах 19 цэцэрлэгээс тавынх нь үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болчихсон. Нэмэгдэж дөрвөн цэцэрлэг хичээлийн шинэ жил эхлэхэд үүдээ нээж хүүхдүүдээ авна. Ерөнхийдөө ондоо багтаагаад барилгын ажлыг нь дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Хуучин сургууль, цэцэрлэгийн барилгыг нурааж шинэчлэх ажил хийгдэж байгаа. Тэгэхээр хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Гурван сургууль 13 цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинээр барих асуудлыг төсөвт тусгасан юм. Өнөөдрийн байдлаар барилгын ажил нь явагдаж байна. Тиймээс сурагчдын сурах, мэдэх эрхийг тасалдуулахгүйн тулд аль болох ойрхон сургууль цэцэрлэг рүү хуваарилан байрлуулж байгаа.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …