“Гена матар ба түүний нөхөд” номын зохиолч Э.Успенский таалал төгсжээ

Бидний сайн мэдэх “Гена матар болон түүний нөхөд” хүүхэлдэйн киноны зохиолыг бичсэн Оросын зохиолч Эдуард Успенский Москва хотод 80 насандаа таалал төгжээ. Энэ тухай түүний охин Ирина өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн байна.

Зохиолч Э.Успенский 1937 оны 12 дугаар сарын 22-нд Егорьевск хотод төржээ. 1955 онд тэрбээр Москвагийн нисэхийн их сургуульд элсэн орсон байна. Э.Успенский оюутан ахуйдаа утга зохиолын бүтээл туурвиж эхэлсэн бөгөөд сургуулийнхаа ханын сонинд зохиосон шүлэг, шог өгүүллээ оруулдаг байжээ. 1960 оноос түүний бүтээлүүд “Неделя” сонин болон “Крокодил” сэтгүүлд хэвлэгддэг болсон байна. Москвагийн их сургуулийг тэрбээр 1961 онд инженер мэргэжлээр дүүргэж байжээ.

Э.Успенский 1960-аад оны дундуур хүүхэд, багачуудад зориулан бүтээл туурвиж эхэлсэн байна. 1965 онд тэрбээр “Смешной слоненок” нэртэй анхны номоо хэвлүүлж байжээ. Харин “Гена матар ба түүний нөхөд” ном нь 1966 онд хэвлэгдэн гарч байсан аж. Түүний бүтээсэн гол дүрүүд болох Гена матар болон Чебурашкагийн дүр нь Зөвлөлт Холбоот улсад ихээхэн нэр алдарт хүрч, цаашлаад хилийн чанадад алдартай болжээ.

Э.Успенскийн зохиолуудаар найруулагч Роман Качанов 1969 онд “Гена матар”, 1971 онд “Чебурашка”, 1974 онд “Шапокляк”, 1983 онд “Чебурашка сургуульд явж байна” зэрэг хүүхэлдэйн кинонуудыг бүтээжээ. Чебурашка нь 2004 оны зуны олимпийн наадмаас эхлэн Оросын шигшээ багийн бэлгэдэл нэг бус удаа болж байсан аж.

Э.Успенскийн зохиол бүтээлээр 60 гаруй хүүхэлдэйн кино бүтэж байжээ. Тухайлбал, “Антошка”, “Рыжий, рыжий, конопатый”, “Ивашка из Дворца пионеров”, “Про Сидорова Вову”, “Следствие ведут Колобки”, “Три типа и скрипач” зэрэг бүтээлүүд нь түүний хамгийн алдартай бүтээлүүд аж.

Тэрбээр 1997 онд “Эх орныхоо өмнө гавъяа байгуулсны төлөө” IV зэргийн одонгоор шагнуулж байжээ. Түүнчлэн 2010 онд Корней Чуковскийн, 2015 онд Лев Копелевын нэрэмжит шагналуудыг хүртэхээс гадна өөр олон шагналын эзэн болж байжээ.

Алдарт зохиолчийн хөшөө дурсгалыг Москва хотод босгож магадгүй тухай Москва хотын Думын соёл, олон нийтийн харилцааны комиссын дарга Евгений Герасимов өчигдөр мэдэгдсэн байна.

Хүүхэд чигээрээ үлдсэн хүүхдийн зохиолч Э.Успенскийн бүтээлүүдийг Оросын ард иргэд сайн мэдэх төдийгүй зохиол бүтээл нь айл бүрийн хойморт байдаг юм. Түүний зохиол, бүтээл ер бусын хошин мэдрэмж, шударга ёсыг дээдэлсэн бага насны дурсамжууд нэгэн үеийг хүмүүжүүлээд зогсохгүй бидний үр хүүхдийн сэтгэл зүрхэнд нэрээ үлдээсэн юм.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …