Осолдсон галт тэрэгний зорчигчдын биеийн байдлыг нь хянаж байгаа гэв

Улаанбаатраас Сайншандын чиглэлд явж байсан суудлын галт тэрэгний зүтгүүр унаж, дөрвөн вагон замаас гарсан үйл явдал болж өнгөрсөн билээ.

Дорноговь аймгийн түргэн тусламжид галт тэрэгний осол болж зарим хүн гэмтэж, бэртсэн байдалтай байна гэсэн дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу Дорноговь аймгийн Эрүүл Мэндийн Газар, Айраг, Даланжаргалант сум болон Төмөр Замын эмч ажиллагсад хамтран осол болсон газар дээр очиж яаралтай арга хэмжээ авч ажиллажээ.

Галт тэргэнд нийт 328 зорчигч байснаас хүнд бэртсэн хоёр зорчигч, эмнэлгийн үзлэг, оношилгоонд хамрагдах шаардлагатай 120 гаруй хүнийг Говьсүмбэр аймгийн Нэгдсэн Эмнэлэг рүү хүргэжээ.
Бусад зорчигчдын хувьд хөнгөн хэлбэрийн, эмнэлэгт хэвтэх шаардлагагүй тархины доргилт, зөөлөн эдийн гэмтэл авсан байна. Галт тэргэнд нийт гурван бие давхар эмэгтэй зорчиж байсны нэг нь Айраг суманд үлдэж, хоёр нь Дорноговь аймагт очиж, харьяалагдах эмч нарт нь үзүүлжээ.

Хүнд бэртсэн хоёр хүний нэг нь 57 настай эмэгтэй, тархины гэмтэл авсан тул Улаанбаатар хот руу шилжүүлсэн байна. Нөгөө хүнд бэртсэн зорчигч 48 настай эмэгтэй, баруун талын хавирганууд нь хугарч, уушги гэмтсэн байсан. Тус эмэгтэйд Гэмтэл Согог Үндэсний Төвөөс долоон хүний бүрэлдэхүүнтэй эмч нар Говьсүмбэр аймагт очиж мэс засал хийжээ. Тэрбээр одоогоор аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Эрчимт Эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа, биеийн байдал тогтворжиж эхлэхээр Улаанбаатар хот руу шилжүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Эмнэлгийн тусламжийн газрын дарга М.Баттүвшин “Галт тэргэнд зорчиж явсан бүх хүмүүсийг овог нэр, гэрийн хаягтай нь бүртгэж авсан. Эдгээр хүмүүсийг гэрийн хаягт харьяалагдах эрүүл мэндийн байгууллагууд хянах болно. Хэрэв тэдэнд ямар нэгэн өвчин, зовуурь илрэх юм бол бид хэзээд үзлэг хийж, тусламж үзүүлэхэд бэлэн байна” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …