Чипс, жигнэмэг, хоол амтлагч зэрэгт давс их хэмжээгээр агуулагддаг

Давс хэтрүүлэн хэрэглэсний улмаас дэлхийн хэмжээнд жилд 1.7 сая хүн зүрх судасны өвчлөлөөр хорвоог орхидог гэсэн харамсалтай судалгаа бий.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын 65 дугаар чуулганаар 2020 он гэхэд дэлхийн хүн амын давсны хоногийн хэрэглээг таван граммд хүргэх зорилт дэвшүүлж, гишүүн улс орнуудын Засгийн Газарт хэрэгжүүлэх зөвлөмж гарган нэг хүн хоногт дунджаар 5-6 грамм давс хэрэглэвэл зохимжтой гэж зөвлөсөн байдаг. Гэвч Монгол Улсад энэхүү тоо 2.5 дахин их байдаг байна.

Халдварт бус өвчнөөс шалтгаалсан нас баралт жил бүр нэмэгдэж, 2030 он гэхэд дэлхий даяар 55 саяд хүрнэ гэсэн тооцоо бий. Монгол Улсын хүн амын нийт нас баралтын 77 хувийг халдварт бус өвчин эзэлж байна. Үүнд зурх судасны өвчин, чихрийн шижин, амьсгалын замын архаг өвчин болон хорт хавдар гэх мэт халдварт бус өвчнүүд багтаж байгаа юм. Тэгвэл давсны хэтрүүлсэн хэрэглээ эдгээр өвчлөлийн гол шалтгаан болох магадлал өндөр. Түүнчлэн зүрх судасны өвчлөлийн гол шалтгаан болдог аж. Монгол Улсын Засгийн Газраас 2015 онд баталсан тогтоолоор Монгол хүний давсны хэрэглээг 2025 он хүртэл 30 хувиар бууруулна гэсэн зорилт тавин ажиллаж байна. Давс нь хүний биед илүүдэл хэмжээгээр ороход таргалалт, даралт ихсэх, зүрхний шигдээс, бөөрний чулуу, ясны сийрэгжилт зэрэг маш олон өвчлөл үүсэх шалтгаан болдог аюултай.

ТА БҮХЭНД ХОНОГТ ХЭРЭГЛЭХ ДАВСНЫ ЗӨВШӨӨРӨГДӨХ ДЭЭД ХЭМЖЭЭГ ХҮРГЭЖ БАЙНА:

6-12 сартай хүүхдэд-1 грамм давс (0.4 г.натри)

1-3 настай хүүхдэд- 2 грамм давс (0.8 г.натри)

4-6 настай хүүхдэд- 3 грамм давс (1.2 г.натри)

7-10 настай хүүхдэд- 4 грамм давс (1.6 г.натри)

10+ насны хүүхдэд- 5 грамм давс (2.0 г.натри)

Насанд хүрэгсдэд- 5 грамм давс (2.0 г.натри) тус тус хэрэглэхийг зөвлөж байна.

Давсыг зөвхөн бэлтгэж буй хоол, цайндаа бага хийснээр давсны хэрэглээ буурчихна гэж та бодож байж магадгүй. Гэтэл бидний өдөр тутамдаа идэж буй бүхий л төрлийн хүнсний бүтээгдэхүүнд давс ордог, тэр дундаа хоол амтлагч, хүүхэд,багачуудын иддэг чипс, жигнэмэг зэрэгт их хэмжээгээр давс агуулагддагийг анхаарах хэрэгтэй. Иймд та бүхэн гэр бүл, үр хүүхэд, ойр дотно хүмүүсийнхээ давсны хэрэглээнд анхаарал хандуулж, хэрэглээгээ багасгах шаардлагатай юм.

Эх сурвалж: Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.