Дархан-уул аймагт малын галзуу өвчин илэрчээ 

Дархан-Уул аймагт малын галзуу өвчин гарчээ. Тодруулбал 2018 оны наймдугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын Бүрэн толгой буюу Энхтал багийн малчин Б-ийн  хоёр үхэрт галзуугийн шинж тэмдэг илэрсэн байна. Өвчилсөн малаас аймгийн мал эмнэлгийн лаборатори, улсын Мал эмнэлгийн ариун цэврийн төв лабораторид дээж өгч наймдугаар сарын 6-ны өдөр малын галзуу өвчин болох нь тогтоогджээ.

Иймээс Орхон сумын Онцгой комисс хуралдаж захирамж гарган, Энхтал багийн тодорхой бүсэд хязгаарлалтын дэглэмийг тогтоосон байна. Галзуу өвчин туссан малыг устгаж, халдваргүйжүүлэлт, ариутгал хийсэн талаар аймгийн ОБГ-ын орлогч дарга Б.Ганхүү мэдээлэв. Тэрбээр малчид мал хариулга дээрээ нохой, чоно, хярс, үнэг зэрэг галзуу өвчин тусч болзошгүй амьтад ойртсон эсэхэд тандалт хийж байхыг анхааруулж байна. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас малчид, иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг, гарын авлага тараах, малын гаралтай түүхий эд худалдан борлуулж буй ААН, иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх зэрэг холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Энэ хүрээнд Сэлэнгэ аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн эмч, мэргэжилтнүүдтэй хамтарч хүнсний дэлгүүр, хиамны цех зэрэг нийт 67 ААН-ийн малын гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдээс дээж авч шинжилгээнд явуулсан байна. Цаашид өвчин гарсан бүсэд иргэд зорчихгүй байх, малын гаралтай бүтээгдэхүүнийг гарал үүсэл нь тодорхой, баталгаат шинжилгээтэй газраас авахыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.