И.Нямдорж: Худал мэдээлэл тараасан хүмүүс манай гэр бүлээс уучлал гуйх ёстой

Монголоос Их Британийн нийслэл Лондон хот хүрэх 12 мянган км замыг тэмээтэй туулж буй Цэнхэр үст Цэрэн хэмээн алдаршсан Э.Цэрэндолгорын бэр Н.Байгалмаа шүүхэд ялжээ.

Эстони улсын иргэн Рой Страйдер нь Байгалмаад 57.500 евро залилуулсан гэх гомдлыг шүүхэд гаргаад байсан юм. Харин шүүхээс Н.Байгалмаа ялсан болохыг нөхөр И.Нямдорж нь өнөөдөр фейсбүүк хуудсаар дамжуулан мэдэгдэл хийлээ.

Тэрбээр “Н.Байгалмаагийн фэйсбүүкийг ашиглаж  байгаад уучлаарай. Сүлжээгүй газар олон хоног  хөдөө явж байтал өнөө өглөө манай өмгөөлөгчөөс олон дуудлага ирсэн байсан. Эргүүлээд түүн рүү залгатал нэг сайхан мэдээ сонслоо. Н.Байгалмаа 2017 оны долдугаар сарын 20-нд 10 эмгэг тэмээ аваад өөрөө сургаж,  2017 оны арваннэгдүгээр сарын 8-нд Улаанбаатараас аялалд хөдөлсөн. Ингээд Монголын идэр есийг туулах үед нь олон сөрөг мэдээлэл түүнийг дагаж, хувийн мэдээллийг нь хакердаж, зургийг нь зарж байсан. Мөн мөнгө луйвардсан зэрэг мэдээлэл тархсан. Ингээд гүжирдсэн, худал мэдээллийн эсрэг шүүхэд мэдүүлсэн.

Бид  нар шүүхийн шийдвэрийг хүлээгээд өдийг хүртэл нэг ч үг дуугараагүй. Өмгөөлөгчтэй утсаар ярихад шүүх хурал даваа гаригт  болсныг дуулгаад Баянзүрх дүүргийн анхан шатны шүүх хурлаар хүн луйвардаагүй, гэрээ хийгээгүй  гэдэг нь батлагдсаныг хэлсэн. Энэ мэдээг дуулгахаар лайвыг эхлүүллээ.

Худал мэдээлэл тараасан хүмүүс Н.Байгалмаа болон манай гэр бүлээс уучлал гуйх ёстой.  Эстони улсын иргэн Рой Страйдер нь 2006 онд надтай танилцсан юм.  Надтай хамт 2010 онд Говь-Алтай аймгийн Бигэр рүү алтны нинжа нарын талаар мэдээлэл хийхээр аялалд явсан. Мөн 2015 он хүртэл манайхаар орж, гарч гэр бүлийн найз шиг байсан хүн л дээ. Гэтэл бусдаас мөнгө авахын төлөө Н.Байгалмаагийн эсрэг худал мэдээлэл цацсан. Үүний ард байгаа хүнийг бүгд мэдэж байгаа байх. Тиймээс дурдаад хэрэггүй биз. Манай Н.Байгалмаа эмэгтэй хүний хатан зоригийг харууллаа. Энэ бүхнийг өөрийн нүдээр хараад түүнийг биширч,  энэ зовлон шаналлыг нь яаж зогсоох вэ гэж дотроо эмтэрч байсан… Одоогоор Н.Байгалмаа Шинжян Монголд яваа. Сүлжээтэй болохоор нь түүнд энэ мэдээг дуулгана… Н.Байгалмааг сайн явааг харж чадахгүй байгаа, хар санаатай авгай нар одоо боль. Та нарын тараасан худал мэдээлэл үнэнд ялагдлаа” гэлээ.

 

 

Санал болгох мэдээ

Х.Магсаржавын гудамжны замыг хааж засвар хийнэ

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” төвийн уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх …