Охин яагаад эрэгтэй хүн болов ?

Урт хар гэзэгтэй, хорь орчим насны охин толины өмнө уйлан үсээ хайчилна. Амьдрах гэж тэмцэж буй гэнэн охинд шинэхэн ажлын захирал тэргүүтэй хүмүүс, амьдрал дэндүү хатуу хандах тул тэрбээр эрэгтэй хүн болж ажиллаж, амьдрахаар шийдсэн нь энэ аж. Ингээд баргийн хөвгүүдийн хийхээс төвөгшөөдөг ажлыг ажралгүй хийх охины шийдвэр буруу байсангүй. Ийм ажил хийж явсаар түүний “ачаа” хөнгөрч, улмаар гал халуун хайр дурлалтай учрах болно. Энэ бол “Эрэгтэй охин” хэмээх содон нэртэй, сонирхолтой кинонд өрнөх үйл явдал. Уг киноны нээлт өнгөрсөн Баасан гаригт болсон юм. Киноны туршид үзэгчид инээлдэж бас түгшиж байгаа нь харцнаас нь мэдрэгдэж байлаа. “Эрэгтэй охин” киногоор бүсгүй хүнд нийгмээс ирж буй дарамт, бидний дунд байдаг ч тэр бүр ойшоодоггүй нэгэн зураглалыг ил гаргасан мэт санагдав. Эрэгтэй байх нь бүсгүй хүн байхаас харьцангуй амар гэж үү. Эмэгтэй хүнд амьдрал, нийгэм яагаад ийм хүнд ачаа үүрүүлэх болов.

Нээлтийн үеэр уг киноны ерөнхий найруулагч болон гол дүрийн жүжигчний сэтгэгдлийг сонслоо.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЭРЭГТЭЙ ХҮН ШИГ АМЬДРАХААС ӨӨР АРГАГҮЙД ХҮРГЭЖ БАЙНА

“Эрэгтэй охин” киноны ерөнхий найруулагч А.Алтанхундага:Кино нэрнээсээ эхлээд сонирхолтой байгаа байх. Киногоор эмэгтэйчүүд, охидыг нийгэм эрэгтэй хүн шиг амьдрахаас өөр аргагүйд хүргэж байгааг харуулахыг зорьсон. Нийгэмд хүчирхийлэл их байна, эмэгтэйчүүдийг хайрлахгүй байна. Энэ байдлыг харуулсан.

“Эрэгтэй охин” киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Б.Хулан:СУИС-ийг энэ хавар төгссөн, залуу жүжигчин миний хувьд “Эрэгтэй охин” кинонд гол дүр бүтээсэн нь их том завшаан бас туршлага боллоо. Анх удаа кинонд гол дүр бүтээж байна. Зураг авалтын туршид маш их хичээл зүтгэл гаргасан. Эрэгтэй хүн болохын тулд дуу хоолой, алхалт зэрэг дээр түлхүү ажилласан.

 

 

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …