Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ

НИТХын дарга С.Амарсайхан өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-т ажиллалаа. Тэрээр иргэдээс ирсэн санал гомдолтой холбоотой зарим асуудлыг газар дээр нь  шийдвэрлэж, цаашид зохион байгуулалтын арга хэмжээ яаралтай авах үүрэг даалгавар өгөв.

Иргэд амрах зугаалах орчин шаардлага хангахгүй байна, утаа униар их байдаг,  гар дээр борлуулагдаж байгаа бүтээгдэхүүнүүд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна гэх гомдлыг түлхүү  гаргажээ.

 НИТХын дарга С.Амарсайхан” Хууль тогтоомжийн хүрээнд холбогдох байгууллагууд, албан тушаалтнуудын оролцоотойгоор шаардлагатай арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэн, удирдлага зохион байгуулалтын  өөрчлөлтийг хийх ёстой. Цөөн хүний эрх ашиг орлогийн төлөө бус нийт нийслэлчүүдийн эрх ашгийн төлөө зөвшөөрөлгүй  худалдаа эрхлэгчдийн үйл ажиллагааг хязгаарлах, цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаанд бодитой үнэлэлт дүгнэлт өгч аюулгүй байдлыг бүрэн хангуулах шаардлагатай байна” гэлээ.

Тиймээс өчигдрөөс  эхлэн НМХГаас  ажлын хэсэг гарч 15 чиглэлээр  шалгалт хийж эхэллээ. Мөн нийслэлээс ажлын хэсэг гарч ажиллаж байгаа тул бүх чиглэлээр хяналт, шалгалтуудыг хийж байна. Эдгээр ажлын хэсгийн дүгнэлтүүдийг үндэслэн шаардлагатай шийдвэрүүдийг НИТХын Тэргүүлэгчдээс гаргаж үйл ажиллагаатай нь холбоотой зарим асуудлыг шийдвэрлэх юм.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн  ОНӨТҮГ нь 183 га талбайтай 110 ажилтантай үүнээс 24 нь харуул хамгаалалтынх үлдсэн нь ногоон байгууламжуудаа арчлах, ургуулах ажилчид байдаг.  Талбайн хэмжээтэй харьцуулбал хүн хүч дутмаг тул задгай худалдаа хийж байгаа иргэдийн үйл ажиллагааг хязгаарлахад хүрэлцээгүй байдаг гэж ҮЦХ-ийн дарга С.Эрдэнэтуул хэллээ. Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг  54 аж ахуйн нэгж, хувь хүн байдаг. Эдгээрээс 20 гаруй нь ТҮЦ, үлдсэн нь хүүхдийн машин унуулах үйлчилгээ байдаг аж. Харин  шорлог зардаг иргэд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсаар байгаа. Эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа тул худалдаагаа зогсоохыг удаа дараа шаардаж байна. Гэвч эдгээр иргэд бослого хөдөлгөөн зохион байгуулах, харуул хамгаалалтынхан төдийгүй НМХГын байцаагчийн биед хүртэл халдаж, гэмтээж байсан удаатай гэлээ.

Гэсэн ч энэ асуудалд анхаарлаа хандуулж зохицуулалт хийх зайлшгүй шаардлагатай гэдгийг  НИТХын дарга анхаарууллаа.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …