Усархаг бороо, хүчтэй салхины улмаас найман аймгийн 75 суманд цахилгаан тасраад байна

Өвөрхангай аймгийн Хархорин суманд усархаг бороо орж, хүчтэй салхилан цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур баганууд унажээ. Уг ослоос үүдэн найман аймгийн 75 суманд цахилгаан тасарсан байна.

Энэ талаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян “Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Долоон бургас” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ 07 дугаар сарын 19-ний өдрийн 16:12-16:25 цагт орсон усархаг бороо, хүчтэй салхины улмаас Булган аймгийн чиглэлийн Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн харьяа Хархорин 110 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын 7 тулгуур багана, Архангай аймгийн Хашаат, Хотонт сумдад 35 кВ-ын 20 тулгуур багана, урьдчилсан байдлаар нийт 27 цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур багана унасан.

Үүний улмаас Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймаг, Төв аймгийн дөрвөн сум, Булган аймгийн зургаан сум, Дундговь аймгийн хоёр сум, Завхан аймгийн нэг сум, Хөвсгөл аймгийн гурван сум, нийт найман аймгийн 75 суманд цахилгаан тасарсан мэдээллийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компаниас Онцгой байдлын ерөнхий газарт ирүүллээ.

Хор уршгийг арилгахаар Өвөрхангай аймгийн Хархорин сум найман хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Нэмэлтээр Орхон аймгаас 22 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр гараад байна” гэсэн мэдээлэл өглөө.

 

Санал болгох мэдээ

Ой, хээрийн түймрийн дуудлага 20.5 хувиар өссөн байна

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 19-ний байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс …