Н.Наранбаатар: Монголын аж байдал, ёс заншлыг харуулахыг зорьсон

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил,Үндэсний их баяр наадмын нээлт Төв Цэнгэлдэх хүрээлэнд боллоо.Наадмыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлж, есөн хөлт цагаан хүндэтгэл үзүүллээ.

Наадмын нээлтийн тоглолт “Монгол орон мөнхөд бат оршиг”гэсэн нэрийн дор боллоо. Мөн Монголчуудын гэр бүл, тусгаар тогтнолын үнэ цэнэ, Монгол хүн жилийн дөрвөн улиралд хэрхэн амьдардаг, эрийн гурван наадам бол Монголчуудын бахархал гэдгийг харуулснаараа онцлог байлаа.

Ингээд Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааг гурав дахь жилдээ найруулсан УДЭТ-ын найруулагч Монгол Улсын Төрийн соёрхолт Н.Наранбаатартай наадмын нээлтийн үйл ажиллагааны талаар цөөн хором ярилцлаа.

-Энэ жилийн наадмын нээлт сайхан боллоо.Энэ жилийн наадмын нээлтийн үйл ажиллагаагаар юуг харуулахыг зорьсон вэ?

– Д.Сосорбарам гуай маш сайхан болсон байна гээд баяр хүргэж утсаар ярилаа. Бид ахмадынхаа үгийг сонсох ёстой. Энэ жилийн наадам есөн хэсэгтэй байсан. Миний гол санаа бол “Монгол орон мөнхөд бат оршиг”. Үүний  үндсэн дээр Монголчууд  олон болох ёстой. Олон болохын тулд газар шороо, тусгаар тогтнол хамгийн чухал. Мөн бие биетэйгээ эвтэй найртай байх ёстой. Ингэвэл Монгол орон мөнхөд бат оршино.

-Анхны жилийн найруулга болон гурав дахь жилийн найруулгын ялгаа ямар байна вэ?

-Төрийн том наадмыг дуртай аавын хүү хийдэг ажил биш. Мэдээж анхны жил хийж байгаа учраас айж эмээх, хариуцлагатай байсан. Бид агуу их түүхтэй хүмүүс. Иймээс түүхэн товчоогоо залуустаа ямар нэгэн байдлаар таниулж мэдүүлэх ёстой. Энэ утгаар эхний жилийн найруулгаа хийсэн. Харин хоёр дахь жилийг түүхэн товчоо гэхээс илүүтэй хүний оюуны тархитай ярих ёстой юм байна гэж бодож хийсэн байгаа. Тухайн үед дайн тулаан түүхээс өөр зүйл байхгүй гэдэг шүүмж сонссон. Бид түүхтэй ард түмэн учраас түүхээ ярихаас өөр юугаа ярих билээ. Харин энэ жилийн хувьд Монголын аж байдал, ёс заншлыг харуулахыг зорьсон. Мөн монгол хүн олон болох ёстой. Аав ээжийгээ хайрлах, үр хүүхдээ хайрлаж, гэр бүлээ бүтэн байлгах ёстой. Энэ бүхэн Монголын аз жаргал байна гэдгийг энэ жилийн наадмын нээлтээр харуулахыг  хичээсэн. Ямар болсныг үзэгч түмний мэргэн ухаан шийднэ.

-Энэ жилийн нээлтийн ажиллагаанд хэчнээн хүн оролцсон вэ?

-Энэ жилийн наадмын нээлтэд нийт 2500 гаруй хүмүүс оролцсон .

-Төсвөөс баталсан мөнгө хүрэлцсэн үү?

-Хүрээгүй.Уржигдар шадар сайдад 50 сая төгрөг дутсан гэдгээ уламжилсан. Зарим хүмүүсийнхээ цалин мөнгийг өгөөгүй байгаа.

-Ирэх жилийн наадмын нээлтийг найруулах уу?

-Гурав жил наадмын нээлтийг хийлээ. Энэ бол маш хариуцлагатай ажил.Юм бүхний учир утгыг зангидаж, олон хүнийг нэг баг болгон ажиллана гэдэг бол маш их ачаалалтай. Одоо олон сайхан найруулагчид байгаа шүү дээ.

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …