Монголчуудын хайртай Дэлхийн аварга хүлэг дуутай боллоо

Наадмын өдрүүд тохиож буй хур бороо тэгширсэн энэ цаг үед нэгэн шинэ дуу, сайхан клип төрөн гарсаныг уншигч та бүхэндээ хүргэхэд таатай байна. “Mongolian Saturday” гэх энэ дууны үгийг Хурдын “Эх орон”, “Аавдаа би хайртай” зэрэг дуунуудын үгийг бичиж байсан яруу найрагч Х.Чилаажав, аяыг Д.Жаргалсайхан бичиж, Чингисийн Жагаа буюу МУГЖ Д.Жаргалсайхан дуулсан байна. Харин клипэнд Монголын тайз, дэлгэцийн нэртэй жүжигчид болох П.Цэрэндагва, А.Цэгмид нар тогложээ.

2015 оны аравдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд дэлхийн хамаг л шилдэг гэсэн хурдан хүлгүүд АНУ-ын Кентаки муж, Лексингтон хот.хотод цугларч, “Breeders’ Cup World Championships” буюу Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм.
Тэр өдөр Монголчуудын ялалтаар төгсөнө гэсэн бодол хэний ч санаанд орж ирээгүй байх. Учир нь сүүлийн 32 жилийн түүхэнд Дэлхийн аварга шалгаруулах уг тэмцээнд Ази тивээс түрүү авсан тохиолдол гараагүй юм. Гэвч Монголоор овоглосон нэгэн хурдан хүлэг бүх шинжээчдийн таамгийг будлиулсан нь Монгол улсын алдарт уяач, олон улсын трэйнер Э.Ганбатын сойсон, 14 дугаартай “Mongolian Saturday” хүлэг байлаа.
Уяач трэйнер Э.Ганбат уралдааны дараа “Монгол хүний хувьд, энэ том уралдаанд оролцоно гэдэг бол миний хувь том мөрөөдөл. Би түүнийг сайн уралдаж чадна гэдгийг мэдэж байсан. Тэр үнэхээр маш сайн байсан. Бид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ялах гэж ирсэн, тэгээд бид чадсан” хэмжээн сэтгэл хөдлөн ярьсан байдаг. Үүний зэрэгцээ бид Монгол уяачийн нэрийг дэлхийн тавцанд гарахад тусалсан Франц унаач Флоран Геруд талархах ёстой. Тэр маш чадварлагаар морийг залж байснаас гадна уралдааны үеэр цэнхэр өнгөтэй, дээрээ соёмботой цамц өмссөн нь яг л морь унаач Монгол хүүхэд шиг байсан гэж тэнд очсон Монголчууд өхөөрдөж, талархан дурсаж байсан юм. Сонирхуулахад, иймэрхүү том уралдаанууд дээр орон тооны мэргэшсэн унаач нар байдаг. Уяач нь өрөө унаачаа сонгох ба унасан морь нь түрүүлэх юм бол бай шагналынх нь 10 хувийг авдаг ажээ. Уяач, эзэн маань ч унаачаа сонгохдоо нүдтэй байж, шавилхан биетэй Франц залууг сонгон уралдуулсан нь жинхэнэ нүдээ олсон хэрэг байлаа.

Монгол уяачийн морь анх удаа түрүүлсэнд өөрийн биеэр хүндэтгэл үзүүлэн, баяр хүргэхээр уралдааны зохион байгуулах комиссын дарга Барри Вейсборд хүрэлцэн ирснээс гадна, морин уралдааны тайлбарлагч “Энэ бямба гараг жинхэнэ утгаараа Монголынх байлаа. Кийнландын энгийн бямба гарагуудыг эвдсэн олон улсын бямба гарагийг тэд авчирлаа” гэж хэлж байсан юм.

 

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.