Н.Энхбаяр: Дарга ангийг доош нь суулгаж, ард түмнээ дээш нь суулгая

МАХН-ын дарга,  Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын   МАХН-ын ээлжит бус их чуулганы төлөөлөгчдөд тавьсан “Монгол улс бол Монголын ард түмэн” улстөрийн илтгэлийг бүрэн эрхээр нь хүргэж байна.

Илтгэлийн өмнө өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлуулыг дурсахгүй өнгөрч  болохгүй нь. 2018 оны хоёрдугаар сарын 09,10-ны өдрүүдэд та бид намынхаа түүхэн Их чуулганыг хийсэн.  Өнөөдрийн ээлжит бус Их чуулганд хүрэлцэн ирсэн та бүхний тодорхой хэсэг нь тэнд ирсэн.  Яагаад түүхэн Их чуулган гэж нэрлэж байгаа гэхээр ард түмнээ мартсан өнөөгийн гаж тогтолцоог зөв тогтолцоогоор солъё гэж зүтгэсэн. Өнөөгийн гаж тогтолцоог бий болгосон Үндсэн хуулийг ард түмнээ дээдэлсэн Дээд хуулиар солъё гэж шийдсэн. Монголын ард түмэн төр засгийн бүрэн эрхийг өөртөө байнга хадгалж, төр засгийг байнга хянана гэж шийдсэн. Монгол хүнийг дэмжсэн хамгаалалтанд авах нь хамгийн зөв арга. Ард түмний хяналтанд байгаа төр засаг хариуцлагатай болно. Өнөөдөр хариуцлага үгүйлэгдэж байгаа энэ үед хамгийн зөв шийдэл болно гэж үзэж ийм зорилгоор хэрэгжүүлье гэсэн санаа санаачлага гаргаж дэвшүүлсэн. Харин дараах асуудлаар хараат бус шүүгчид хууль бус шийдвэр, намын дотоод хэрэгт хууль бусаар хөндлөнгөөс хутгалдан оролцсон. Үүнийг хуулиар хориглодог. Тэгэхээр бид хууль зөрчөөд байгаа биш харин шүүх өөрөө хууль зөрчөөд байгаа гэдгийг өнөөдөр энэ индер дээрээс анхааруулан тэмдэглэж хэлэх хэрэгтэй. Гэтэл энэ чинь хэдийгээр хууль бус шийдвэр гаргасан ч гэсэн яаж ч мушгиад, яаж ч гуйвуулаад үнэнийг бас бүр мөсөн унагааж чадна. Үүгээрээ 2011 оны МАХН-ын онц их хурлын түүхэн шийдвэрийг хүчин төгөлдөр хэвээр үлдсэн гэж шүүх өөрийн эрх байхгүй хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл 2011 онд хуралдсан онц их хурлыг баталсан хамгийн зөв материал мөрийн хөтөлбөр хэвээрээ. Тэр үеэр зохион байгуулсан асуудлыг шийдсэн тэр шийдвэрүүд бүгдээрээ хэвээрээ гэдгийг өөрийнхөө шийдвэртэй тэмдэглэн үлдээсэн байгаа.

Тийм учраас бид 2011 онд дээд шүүхэд бүртгүүлсэн дүрэмтэй, мөрийн хөтөлбөртэй мөн зохион байгуулах газрын шийдсэн шийдвэртэйгээ хүчин төгөлдөр учраас тэр бүхнийхээ дагуу улсын их хурлын 2012, 2016 оны сонгууль Монгол улсын ерөнхйилөгчийн 2013, 2017 оны сонгуульд амжилттай оролцсон. Тэр утгаараа бид дараагийн бүх шатны сонгуульд оролцох бүрэн эрхтэй МАХН мөн гэдгийг энэ индэр дээрээс албан ёсоор зарлаж байна. МАХН сонгуульд орох вий, МАХН-аас нэр дэвшигч маань МАН АН-ыг ялах вий гэдгээс МАН-ийнхан, МАНАН-гийн  улс төр бизнесийн бүлэглэлийнхэн маань үхтэлээ айж байгаа, ард түмний тархи толгойг эргүүлэхэд мэргэшсэн учраас МАХН-ын дүрэм мөрийн хөтөлбөр батлагдаагүй учраас сонгуульд орохгүй байж магадгүй гэсэн худлаа мэдээлэл тарааж байгаа учраас бид үүнийг няцааж, бид сонгуульд орсоор ирсэн.  Бид орно. Ард түмэнтэйгээ хамт, ард түмнийхээ дэмжлэгээр 2017 онд ялсан ч луйвардуулсан гэхдээ бид бууж өгөөгүй, цаашдаа тэмцэнэ гэдгээ та бүхнийхээ өмнөөс зориуд тэмдэглэн хэлж байна. МАХН бол МАН, АН-аас гэдгээр ялгаатай. Бид юугаараа ялгаатай вэ гэхээр тэд нэг юманд нэг янзаар хандана. Харин ард түмэнтэйгээ хамт ч бид албан тушаалын тоогоороо ялгаатай.  Тийм ээ бидэнд тийм их өв хөрөнгө байхгүй.  Гэхдээ бидэнд тэр өв хөрөнгөөс илүү үнэтэй юм байгаа.  Тэр нь улс орноо хямралаар гарах гарцыг олж харсан. Алсын хараатай нам гэдгээрээ ялгаатай юм.   Үүнийг харж чадахгүй намууд байгаа учраас ард түмнийг хөтөлж буруу замаар будаа тээж байна. Тэгвэл бид зөв замаар явж Монгол Улсыг хямралаас гаргаж чадах цорын ганц улс төрийн хүчин болсон гэдгээ энэ индэр дээрээс зориуд тэмдэглэн хэлж байна.

Бид үнэхээр амаргүй цаг хугацааг туулж ирсэн.  Хамгийн гол нь бид бууж өгөөгүй.   Яагаад гэвэл бидний үзэл баримтлал үнэн зөв юм. Тухайлбал  2018 онд социал демократ үзэл баримтлалыг өөрөөр хэлбэл МАХН-ын үзэл баримтлалыг үндэслэгчдийн нэг Карл Марксын мэндэлсний 200 жилийн ой болсон.  МАХН-аас энэ ойг тэмдэглэж, түүний бүтээл, үзэл санааг өнөөдрийн монголтой яаж уялдуулах талаар хэлэлцсэн байгаа.    Карл Марксаас “Аз жаргал гэж юу” болох талаар асуусан байдаг. Тэр хариулахдаа “Аз жаргал бол тэмцэл” гэсэн байдаг.  Тийм учраас та бидний аз жаргал бол тэмцэл юм. Гэхдээ өөрсдийнхөө төлөө биш ард түмнийхээ төлөөх тэмцэл юм.  Тэр тэмцэл бол заавал ялдаг тэмцэл билээ.

Саяхан хөдөө орон нутагт явж ард иргэдтэйгээ уулзлаа. Говийн аймгуудад ган гачиг болоод үнэхээр хэцүү байна. Бүр гамшгийн хэмжээнд байна.  Тийм учраас Азийн орнуудын сайд нарын уулзалтыг Улаанбаатар хотод биш говийн аймгуудад хийсэн бол илүү ач холбогдолтой байсан болов уу гэж бодлоо.  Зэрлэг ан амьтан нь, малтайгаа малчидтайгаа хамт шаналж байгааг харахад үнэхээр сэтгэл өвдөгж байлаа.  Тиймээс энэ ган гачгийг тайлахын төлөө ажиллах ёстой.  Хүмүүстээ уулзахад эх орон хэрэгтэй гэж ярьж байна.  Зовж байгаа Монгол түмэн өөрсдийгөө биш яаж монголоо хөгжүүлэх талаар ярьж байна.  Төр эзэнгүй байна гэж шүүмжилж байна.  Хариуцлагагүй намуудаас салъя гэж хүсч бүр шаардаж байна.  Тийм ээ өнөөдөр Монгол Улсад улс төрийн ган болсон байна. Хариуцлагагүйн ган нүүрлээд байна.  Сүүлийн 26 жилийн турш Монгол энэ ган тогтоод байна. Ард түмэн мэргэн учраас үүнийг олж хэлж, мэдэрч байна. Хариуцлагагүйн ган гэж юу юм бэ. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар луйврын сонгууль болсон. Сонгуулийн Ерөнхий хороо МАНАН-гийн улс төр бизнесийн бүлэглэлийн даалгавараар хийх ёсгүй юм аа хийлээ.  Сонгуулийг будилаантуулахгүй явуулах ёстой байгууллага маань хамгийн их будилаантуулсан. Тийм байгууллага болсон.  Хуульд нэр дэвшигчдийн хэнийг ч дэмжихгүй бол цагаан хуудсыг сонгуулийн хайрцагт хийж болно гэдгийг цагаан дээр хараар бичээстэй байтал СЕХ болохгүй гэж ард иргэдийн тархийг эргүүлж байсан. Цагдаа хууль шүүхийн байгууллага манай намын эсрэг ажиллаж байсан.  Цагаан сонголтын тухай ярьж ард иргэдтэй уулзаж байхад баривчилж байсан.  Саатуулж, машиныг хурааж өмч хөрөнгөд халдаж байсан.  Биед нь эрхэнд нь халдаж байсан. Энэ Сонгуулийн хороо хэзээ ч  сонгуулийг шударга явуулж чадахгүй гэдгээ олон сонгуулиар нотлон харуулсан.  Гэхдээ бид бууж өгөөгүй. Ард түмэнтэйгээ хамт явсаар, тэмцсээр байгаад заавал ялна гэдгийг зориуд тэмдэглэн хэлмээр байна.

Ард түмэнтэйгээ уулзаж байхад улс төрийн намуудад үнэхээр сүжиггүй болжээ. Харамсалтай нь МАН, АН-ын нөхдүүд үүнийг сонсохгүй байгаа юм уу сонсохыг хүсэхгүй байна уу.  Гэхдээ бид сонсож харж байгаа. Тийм учраас бид хэзээ ч АН, МАН-тай адилхан сонголтоосоо ухрахгүй.  Бид  хэзээ ч оффшор дансанд ард түмнээсээ мөнгө  нуухгүй, Монголд ашиггүй гэрээ байгуулж болохгүй.  Энэ бүхнийг бүрэн ойлгосон.  Тиймээс бид тэмцэж байгаа юм. Тийм учраас бид  бууж өгөхгүй байгаа юм.

Оюутолгойн гэрээг байгуулж байхад Монголчууд  ийм баян байсныг мэддэггүй байсан юм.  Манай мэргэн ухаантай, ажигч ард түмэн газар нутгаа сайн шинжилж байсан.  Тэрний  дор баялаг байна гэдгийг мэдэж байсан учраас Оюутолгой гэж нэрлэсэн. Энэ нэрийг  хоосон өгөөгүй биз дээ. Тэгэхээр Оюутолгой гэж нэрлэнэ гэдэг маань түүний цаана баялаг байгаа, бидний үр сад хэзээ нэгэн цагт тэр баялагаас авч амьдралаа өөд нь татна гэдгийг мэдэж, хамгаалж дархалж байсан байна.  Гэтэл бид 66 хувийг нь гадныханд өгчихлөө. 34 хувийг авахдаа зээлээр авчихаж байна.  Өөрийнхөө юмыг өөр хүнээс зээлээр авч байна.  Түүхэнд байгаагүй гэрээг бид хийсэн.   Гэрээний хугацаа 2009 оноос хойш тооцогдож, 2030 он хүртэл үргэлжлэнэ.

Ноогдол ашиг хуваах уу гэхээр үгүй ээ 2048 оноос хойш ноогдол ашиг  авахгүй гэж байна. МАНАН-гийнхан маань үүнийг хардаггүй юм бол та нар юу гэж бодож байна.   Харин МАХН үүнийг харж байна.  Сонсож байна. Мэдэж байна.  Тийм учраас МАХН Оюутолгойн гэрээг нэн даруй цуцлах ёстой гэсэн байр суурь барьж байна.  Ард түмнийхээ санал сонсож, санал асуудлаар үүнийг шийдье. Оюутолгойн гэрээг цуцлахыг  эрх баригчдаас шаардаж ажиллана хэмээн ард түмэндээ хандан уриалж байна.  Үүний төлөө хатуу тэмцэх болно гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе.

Тиймээс бид АН, МАН-аас арай өөр юм.  Хариуцлагатай нам байх ёстой.  Үүнийг тулд бид шударга сонгуулийн төлөө байх ёстой. Бид ард түмнийхээ хүслийг нэн тэргүүнд тавьдаг нам байх ёстой.  Бид хариуцлагыг өөрсдөөсөө эхлэнэ.  Дотроосоо урвагч төрдөггүй байх ёстой.  Тиймээс хариуцаж, тооцож чаддаг дүрэмтэй байна.  Бид өнөөдөр хүн бүрийн толгойг илсээр байгаад хариуцлага тооцож чаддаггүй нам,  тийм дүрэмтэй нам болсон байна. Сонгуулиар намынхаа эсрэг яаж ч ажиллаж байсан бид сайнаар хандсан сайхан нам. Нөгөө талаасаа ийм увайгүй хүмүүсийг өөгшүүлж байна.  Тийм учраас бүгдээрээ төрийн эрхийг авч ард түмнийгээ өмнөөс ажиллая гэж бодож байгаа бол өөрсдөө бас хариуцлагатай байх учиртай.

Намын гишүүн хүн бол бусдыг боддог. Жирийн гишүүн бол өөрсдийгөө боддог.  Та намын гишүүн болж, намын албан тушаал авсан бол өөрийгөө биш бусдыг боддог, өрөвддөг, бусдын төлөө зүтгэнэ гэж шийдсэн хүн байх ёстой гэдгийг би зориуд анхааруулан хэлмээр байна.  Манай нам бол социол демократ үзэлтэй нам.  Зүүний үзэл баримтлалтай нам.  Зүүн төвийн үзэл гэж ямар үзэл юм бэ. Бусдын төлөөх үзэл юм. Ингэж бид  төлөвшиж, ингэж зүтгэж чадна.  Тэгж чадвал бид заавал ялна.  Хариуцлагатай үйл ажиллагаа явуулж улс орноо хөгжүүлэх гол хүчин зүйл нь энэ болох юм.  Социал демократ үзэл бол амжилтын томъёо юм.

Амжилтгүй улс орон олон байна. Монгол, Нигери, Бүгд найрамдах ардчилсан Конго улс байна. Уул уурхайн баялагтай мөртлөө хамгийн ядуу орны тоонд ордог ийм улсууд байна. Энэ судалгааг би өөрөө хийсэн юм биш. АНУ-ын Брукингийн институтийн хамгийн сүүлд гаргасан судалгаагаар уул уурхайн баялагтай Нигери улс, байгалийн баялагтай Бүгд найрамдах ардчилсан Конго улсыг дэлхийн хамгийн ядуу орнууд гэж тооцогдсон байна.  Конго гээд улс байдгийг та нар мэдэх байх , бүр ардчилсан гээд тодотголтой. Үнэн хэрэг дээрээ болохоор яг Монголтой адилхан улс төр , бизнесийн олигархи бүлэглэл тогтчихсон байгаа. Тийм учраас сүйрлийн томъёог энэ олон жишээн дээрээс олж харан өөрсдийн сүйрлийн томъёоноос зайлсхийх аргаа олох хэрэгтэй байна. Сүйрлийн томъёо байгалийн баялаг нэмэх нь олигархи бүлэглэл тэр л томъёо нийлэх юм бол тухайн орон сүйрнэ. Өнөөдөр Монгол энэ томъёо руу яваад байгааг яаралтай зогсоож, ардчиллын томъёо буюу байгалийн баялаг нэмэх нь социал-демократ үзэл гэсэн ардчиллын томъёо руу оръё гэж та бүхэндээ уриалж байна. Хөдөө орон нутаг руу явж ирэнгүүт ард иргэд маань дэлхийд байхгүй зүйл Монголд байна гэдэг. Үнэхээр Монголд дэлхийд байдаггүй хоёр юм байна. Үүнийг засаж залруулах цаг болжээ. Монголд өнөөдөр баян хоосны ялгаа хэтэрхий их болсон байна. Та нар бодоод үздээ. Дундаж цалин нэг сая төгрөг гэж байгаа. Гэтэл багш, эмч нар таван зуухан мянган төгрөгийн цалин авч байна. Дундаж цалингаас хоёр дахин бага цалинг багш, эмч нар маань авч байна. Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөлд сууж, гадныхны эрх ашигт үйлчилж байгаа нэг нөхөр жилд дор хаяж 150 мянган долларын цалин авч байна. Цөөн хэдэн хүмүүс нийт багш нарын авах ёстой цалинг хувааж аваад сууж байгаа нь шударга үйлдэл мөн үү. Бидний зүгээс багш нараа, эмч нараа дэмжиж байгаа шүү гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Багш, эмч нарын маань тэмцэл зөв шүү. Яагаад гэвэл энэ нь зөвхөн багш, эмч нарын асуудал биш. Харин монголчуудын үр хүүхдүүдийн боловсролын тухай асуудал юм. Тиймээс бид багш, эмч нарынхаа тэмцлийг дэмжиж байгаа юм. 1992 оны Үндсэн хуульд учир дутагдал байна уу гэж эргэцүүлж байна. Тиймээ, өнөөдрийн энэ Үндсэн хуулиар бол ганц тогтолцоо тогтсон байна. Үүнийг ард түмэн илэрхийлэхдээ эзэнгүй төртэй болчихлоо хэмээн ярьж байна. Төрийн эзэн хэн юм бэ. Хүн юм уу ард түмэн юм уу. Би нэг үгийг хэлмээр байна. Монгол улс бол эцсийн эцэст монголын ард түмэн юм. Монголын ард түмэн оршиж байж Монгол Улс байх болно. Энэ үнэнийг ойлгохгүй байгаа МАН, АН-ынхан, энэ үнэнийг ойлгохоос айгаад хүмүүст хандаж энэ үгийг албан ёсоор хэлж байна. Тийм ээ. Монгол Улс бол монголын ард түмэн юм.

МАХН бол ард түмний нам. Тиймээс та бүхэнд хандаж нэг уриалгыг хэлмээр байна. Дарга ангийг доош нь суулгаж, ард түмнээ дээш нь суулгая. МАХН бол бүтэн нэртэй нам. Бид хувьсгал гэдэг үгнээс айдаггүй. Яагаад гэвэл хувьсгал гэдэг үгэнд дандаа шинэчлэл гэсэн үг давхар агуулагдаж явдаг. Хувьсгалыг заавал буу шийдмээр хийдэггүй. Хувьсгалыг оюун ухаанаараа хийж болно. Зүтгэлээрээ, итгэлээрээ хувьсгалыг хийж болно. Хувьсгалыг мартсан, хувьсгалыг хаясан, хувьсгалаас айсан хүмүүсийн ам , ажил хоёр нь зөрдөг юм аа. Тиймээс бид хувьсгал гэдэг үгнээс айхгүй байна. Бид бас бүтэн нэрнээсээ айхгүй байна. Бидний зүгээс өнөөгийн нийгмийн гаж тогтолцоог бий болгосон өнөөгийн үндсэн хуулийг Дээд хуулиар солих нь зүйтэй хэмээн үзэж байна. Дээд хуулийн гол утга агуулга бол ард түмнээ дээдлэх үзэл юм. Тийм учраас бид өнөөгийн энэ гаж тогтолцоог бий болгосон Үндсэн хуулийг ард түмнээ дээдэлсэн шударга хуулиар солих хэрэгтэй байна. Одоо монголд Дээд хуулийн давалгаа давалгаалж байна. Та, бид өдөр шөнөгүй явж, ард түмэнтэйгээ уулзаж байгаа учраас, монголоо өнөөгийн энэ гаж тогтолцооноос салгах тэр гарцыг олж харсан учраас бид Дээд хуулийн хувьсгалын давалгааг монгол даяар эхлүүлсэн. Энэ бол Та, бид өөрсдийнхөө төлөө хийж байгаа ажил биш. Ард түмнийхээ төлөө хийж байгаа ажил юм. Өнөөдрийн байдлаар Дээд хуулийг батлахыг дэмжсэн 500 орчим мянган саналын хуудас тараагдсан байна. Бид энэ ажлыг цаашид улам эрчимтэй өрнүүлнэ. Энэ жилдээ багтааж Дээд хуулийг дэмжсэн нэг сая ширхэг саналын хуудсыг цуглуулахаар зорилго тавин ажиллаж байна. Тиймээс бидэнд унтах зав, амрах зав алга. Бид ажиллана. Ард түмэн дээрээ очно. Хаана монгол хүн зовж байна. Тэнд МАХН очих болно. Тэнд МАХН-ын гишүүд байх болно. Бид юуг хүсэж байна вэ. МАН, АН-ын олигархиудыг айлгаж байгаа зүйлийг хүсээд байгаа юм. Тэр нь юу юм бэ гэж үү. Байгалийн баялагаа нийт иргэддээ үнэгүй өмчлүүлнэ. Залуучуудаа бүгдийг нь дээд боловсролтой, нарийн мэргэжилтэй ажилтай болгохыг хүсэж байна. Иргэдийнхээ эмчилгээний зардлыг төр засгаас дааж, залуу айл өрхүүдээ үнэгүй орон сууцаар хангая гэсэн ийм зорилгыг дэвшүүлж байгаа юм. Тиймээ, бид шударга шүүхтэй баймаар байна. Тэгэхийн тулд хэн нэгний томилсон шүүгч биш, ард түмний сонгосон шүүгч та бидний итгэлийг авч, үнэн зөв шийдвэрийг гаргаж, шударга ёсыг монголд тогтоогоосой хэмээн хүсэж байгаа юм. МАН-ын жирийн гишүүд дэмжигчид, АН-ын жирийн гишүүд дэмжигчид, нам бус иргэддээ хандан хэлэх үг байна. Та бид Монгол улсынхаа төлөө зүтгэх ёстой. Тиймээс ард түмнээ дээдэлсэн Дээд хуулийн төслийг дэмжиж өнөөдрийн энэ болоод буй гаж тогтолцоог халъя. Монголдоо монгол хүн эзэн болж суух тэр цагийг хамтдаа эхлүүлье. Энэ үйл хэргийг хамтдаа хийе гэж Та бүхэндээ уриалж байна.

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. зочин says

    Н.Энхбаяр аа, одоо болио,,, Ядарч байгаа ард түмнийг бүү хоосон юмаар үймүүл,
    улс орон маань удаан ч гэсэн өгсөх замдаа явж байна,,, МАХН, АН-ын сүйтгэж хаясан эдийн засаг ямар ч байсан нэмэх рүү орлоо. Дампуурч бусдын хараат болох гэж байсаныг МАН л аварлаа ш дээ, яг үнэндээ,,,,Сайхан бүтээн байгуулалтууд эхэлж байна.

  2. Anonymous says

    kkk uuruu dahiad erunhii
    ugch boloh geed baigaa gedgee l esergeer ni heleed bnaa . odoo bolnoo ho . ymand hyzgaar gej bii

  3. Anonymous says

    Ганцхан зүйлийг нь л дэмжиж байна. Оюутолгойн гэрээг цуцлах.
    Түүний төлөө энэ намд саналаа өгөхөд бэлэн байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.