Л.Оюун-Эрдэнэ гишүүн рүү ”хөлсний бичээчид”-ийн баг дайрав

Монгол шиг цөөн хүн амтай, бас бүхий л сошиал нээлттэй улсад аливаа мэдээлэл тархахдаа түргэн. Тиймээс сошиал орон зайд төлбөртэй мэдээлэл түгээгчид олон. Мөнгөтэй хүн захиалсан хөгжмөө сонсдог гэдэг шиг улс төр дахь хөрөнгө мөнгөтэй хөлсний бичээчдээр дамжуулан нийгмийн тархи толгойг угаах явдал түгээмэл. Гэсэн хэдий ч Монголын ард түмэн өнөөдөр хэн нь юу ярьж байгааг  ялгаж салгаж чадахтайгаа болж байгаа нь сайшаалтай.

Монголын улс төрд МАНАН бүлэглэл гүн бат шигдсэн, тэдний лобби, шийдвэргүйгээр төрийн аливаа бодлого явдаггүй болсон гэдгийг улс төрөөс гаднах орчинд олон жил  хэвлэл мэдээллийнхэн, олон нийтийн байгууллагынхан, иргэд мэдэгдэж байсан төрийн машины өмнө хүчин мөхөстдөг байсан.  Тэд эцэстээ хуйвалдан  “60 тэрбумын хэрэг” буюу төрийн албан тушаалыг хар зах дээр зарж борлуулах хөтөлбөрийг боловсруулж, үүнд нь тухайн үеийн МАНын дарга, өнөөгийн УИХ-ын  дарга М.Энхболд, түүнийг тойрон хүрээлсэн бүлэглэл  оролцсон байдаг.

Энэ асуудлыг өдөөсөн “60тэрбумын автор“, Нийслэлийн МАНын дарга асан Ц.Сандуй ийм яриа Нийслэлийн МАНын хорон дээр болсон гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрчихөөд байхад хууль хяналтын байгууллагынхан эвлүүлэг гэж зүтгэсээр, асуудлыг хаацайлсаар өдийг хүрсэн.

Дашрамд дурдахад бид техник технологийн өндөр хөгжилд хүрсэн цаг үед амьдарч байгаа хэдий ч өнөөдрийг болтол бусдын дуу хоолойг дууриаж, үг өгүүлбэр бүрээр нь эвлүүлж гаргадаг технологи хараахан нээгдээгүй байгаа гэдэг.

Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргалаас тайлбар авахаар албан бичиг хүргүүлжээ. Ингээд зогсохгүй тэрээр 60 тэрбумын хэрэгт нэр холбогдсон УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын даргаар ажиллах ёс зүйн эрхгүй гэж гэж үзэж байгаагаа илэрхийлээд, хууль хяналтын байгууллагын албан ёсны шийдвэр гарах хүртэл  УИХ-ын даргын суудлаасаа сайн дураараа татгалзах ёстой гэсэн шаардлагыг тавьсан. Асуудлыг шийдэх хүртэл УИХ-ын чуулганд суухгүй гэдгээ илэрхийлсэн.

Түүний энэ үйлдэл  хууль тогтоогч байгууллагын гишүүний хувьд, ард түмнээс сонгогдсон төрийн элчийн хувьд, шударга зарчимч залуу хүний хувьд зүй ёсны үйлдэл гэж  гэж ойлгож болох.

Харамсалтай нь түүнийг ингэж мэдэгдсэний нь төлөө Монголын  хэвлэл мэдээлэл болон сошиал орчинд ажилладаг “хөлсний бичээчид” бүрэн бүрэлдэхүүнээрээ түүний эсрэг ажиллалаа. Ажиллаа ч юу байх вэ, 60 тэрбумын багийнхан тэднийг хөлслөн авч Л.Оюун-Эрдэнэ гишүүний эсрэг бүх сувгаар турхирлаа.

Нэг жилийн өмнө  60 тэрбумынханыг нэг нүдээрээ ч үзэхгүй байсан зарим хүмүүс  гэнэтхэн УИХ-ын дарга М.Энхболдод хайр зарлаж, түүнийг 60 тэрбумтай холбож шүүмжилсэн залуу гишүүн  Л.Оюун-Эрдэнийг урваач шарваач, бусдын зараалаар хөдлөгч, сайн ахынхаа эсрэг дуугарагч, Сонгуулиар дэмжиж өгөөч гэж байсан атлаа одоо буруутгаж байна, хүний тус мэддэггүй амьтан, Ерөнхийлөгч Х.Баттулгын “бууны нохой” гэх мэтээр   элдвээр дайрлаа.

Хэрвээ шударга үнэн гэж байдаг бол үүний төлөө дуугарсан хүнийг  нийгэм буруутгах  ёсгүй. 60 тэрбумын, цаашлаад МАНАН-ын бүлэглэл Монголын төрийг тэртээх ардчилсан хувьсгалаас хойш өнөөдрийг хүртэл 28 жил удирдаж ирсэн учраас, Монголын ард түмний баялгийг хэдхэн олигархууд хувааж хүртэж ирсэн учраас  Монгол улс өнөөдрийг хүртэл хөгжиж чадаагүй, Монголын ард түмэн өдгөө ядуу зүдүү байгаагийн том шалтгаан мөн.

Шударга ёсны дуу хоолой болсон хэн хүн рүү энэ байтугай дайралт ирнэ гэдгийг эрхбиш Л.Оюун-Эрдэнэ залуу хүний хувьд тооцсон биз ээ.  Таныг  нийгэм, олон нийт буруутгаж байгаа биш, 60 тэрбумын гар хөл болсон, тэднээс идэх талхны мөнгөө олж байгаа хэсэг бүлэг “худалдагдсан нөхдүүд” буруутгаж байгаа гэдгийг ойлгоно биз. Энэ бүхэнд шантралгүй  зоригтой, бас тууштай байхыг таниас хүсч байна.

Их эзэн Чингис хааны өлгий нутаг, Монголын зүрхэн нутгаас сонгогдсон залуу гишүүн Л.Оюун-Эрдэнийг Монгол түмэн, шударга ёсны дуу хоолой болж парламент дотроос дуугарсны нь төлөө, улс төр дэх том бүлэглэлийн эсрэг зоригтой дуугарч чадсаны нь төлөө  талархаж, түүнийг дэмжих учиртай.

Зул бөхөхийн өмнө бадамладаг гэдэг шиг 60 тэрбумынхан эцсийн аргаа хэрэглэн хүчээ авахаар зэхэж байна.

Чингис хаан нэгэн цагт “Тангууд улс мөхөөгүй гэдгийг өглөө бүр надад сануулж бай” гэж хэлсэн гэдэг шиг, 60 тэрбум төвтэй МАНАН бүлэглэл Монголын төрөөс холдоогүй  гэдгийг өдөр бүр санаж, сэрцгээе Монголчуудаа.

Ц.Бат

Санал болгох мэдээ

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаад иргэдийг буцаах, дахин нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг авч эхэлжээ

БНСУ-ын Хууль зүйн яамнаас дөрөв дүгээр сарын 15-ны өдрөөс зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд …