Гучаад насандаа хэвшүүлсэн байх эерэг дадлууд 

Ихэнх хүмүүс 20-иод насандаа залуу хүний гал цогоор дэрвэж, эрүүл бус амьдралын хэв маягтай байх нь элбэг. Үүр цайх хүртэл сэрүүн байж, амралтын өдрүүдээр үд хүртэл унтдаг, түргэн хоол иддэг гэх мэт муу дадалтай байх нь элбэг. Харин 30-аад нас бол эрүүл, зөв амьдралын хэв маягийг суулгах зайлшгүй үе. Доорх арван хэвшлийг суулгаж чадсанаар урт хугацаанд эрүүл бөгөөд амжилттай байна.

Тамхи татахаа болих

Хэрэв та тамхи татдаг бол эртхэн болих хэрэгтэй. Яагаад гэвэл 40 наснаасаа өмнө та тамхинаас гарч чадвал тамхи татдаг хүмүүстэй харьцуулахад үхэлд хүргэх аюултай өвчлөлд 90 хувиар бага өртдөг.

Тогтсон цагт байнга унтаж, сэрдэг байх

Амралтын өдөр илүү нойр авахыг бид хүсдэг. Гэвч ганц, хоёр өдөр өөр цагийн хувиараар унтахад дараа өдрөөс нь ядарч эхлэх болно. Иймд хүссэнээрээ орондоо хэвтэж, хүссэн цагтаа сэрэхээ одооноос больж, тогтсон цагт сэрж, унтаж байгаарай.

Тогтмол дасгал хийж байх

Йогоор хичээллэх, дугуй унах, усанд сэлэх, гүйх, ууланд гарах гэх мэт ямар ч төрлийн спортоор хичээллэж болно. Гагцхүү байнга бие махмодио хөдөлгөж, хөдөлгөөнтэй байх нь чухал. 30 нас хүрэхээр булчингийн масс алдагдаж эхэлдэг тул дасгал хөдөлгөөн туйлын чухал.

Тэмдэглэл хөтлөх

Амьдралынхаа онцлох үйл явдлыг одооноос тэмдэглэж, бичих нь ирээдүйд нас тогтсон хойноо түүнийгээ хараад илүү баясгалантай байхад тань тусална.

Мөнгөө хадгалж эхлэх

Аль болох эртнээс өөртөө санхүүгийн сахилга батыг суулгаснаар ирээдүйгээ баталгаатай болгож байна гэсэн үг.  Өөрөөр хэлбэл мөнгийг олж буй шигээ түүнийг ариг гамтай, зөв захиран зарцуулах нь чухал.

Хүссэн зүйлээ хийж байх

Удаан хугацаанд нэг шинэ зүйл эхэлнэ, тэжээвэр амьтан авна, блог хөтөлж эхэлнэ гэх мэт нууцхан хүслүүд тээдэг ч хойшлуулсаар байдаг уу? Тэгвэл тэдгээрийг одоо л хийж эхлэх цаг.

Байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж сурах

Байгаадаа сэтгэл хангалуун байж сурах бүр та илүү аз жаргалтай, амгалан байх болно. Түүнчлэн сөрөг бодлуудаас хол байж, баяр баяслыг илүүтэй мэдэрнэ.

Хүн бүрт таалагдахыг хичээхээ болих

Өөрийн үнэт зүйлдээ итгэн, хүн бүртэй найз болохгүй гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тантай таагүй харилцаж буй хүнтэй сайхан харилцаатай байх албагүй. Таагүй харилцаанаас, сөрөг хүмүүсээс, тухгүй орчноос хэзээд татгалзаж сурах хэрэгтэй. Мөн “үгүй” гэж хэлснийхээ төлөө та уучлалт гуйх албагүй.

Өөрийгөө бусадтай харьцуулахаа болих

Өөрийн чадвар, онцлогоо хүлээн зөвшөөрснөөр та бусадтай өөрийгөө зэрэгцүүлж тэдэн шиг болох албагүйгээ ойлгоно. Өөрийгөө хэт хүчлээд, бусдын хийж байгааг ч би хийх ёстой гэж бодох хэрэггүй.

Өөрийгөө уучил

Бид бүгд хангалттай алдаа гаргадаг. Өнгөрсөнд болсон зүйлээсээ тас зуураад байлгүй, алдаагаа хүлээн зөвшөөрч, өөрийгөө уучил. Сэтгэл судлаачдын үзэж буйгаар өөртөө шударга хандах буюу алдаагаа хүлээн зөвшөөрч, түүнээсээ суралцаж, өөрийгөө уучилдаг, ирээдүй рүүгээ илүү тэмүүлэлтэй ханддаг хүмүүс амжилтад хүрдэг.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …