Өнөөдрөөс эхэлж журамласан 700 үгийн жагсаалт хүчингүй боллоо 

 Иргэний танхимд өнөөдөр “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслол боллоо.

Ийнхүү “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” гарснаар өнөөдрөөс эхэлж Төрийн хэлний зөвлөлийн 2011 оны 01 дүгээр тогтоол буюу  олны хэлдгээр журамласан 700 үгийн тогтоол хүчингүй боллоо.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь”-ийг toli.gov.mn сайт руу хандаж ашиглах боломжтой. Мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын president.mn сайтаас үнэгүй татаж авах боломжтой аж.

“Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” номын нээлтийн ёслолын эхэнд  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга олон нийтэд хандан “Өнөөдрөөс эхлээд Монгол Улсын нийт иргэд, төрийн албан хаагчид, эрдэмтэд, судлаачид, хэвлэлийн газрынхан, сонины редакцынхан энэ толийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгож, баримтлах учиртай. Хэл бол хэн нэгний хүсэл сонирхол, үзэл баримтлал, хувийн бодлоос хамааралгүйгээр улс даяар нэгэн жигд, тогтвортой дүрмээр бичигдэж, жигдрэх ёстой. Хувийнхаа хандлага, сөргөх сэтгэл зүйгээ март. Мэдээж зарим хэлний эрдэмтэн, судлаачдын санаанд нийцэхгүй, өөнөтөглөх, шүүмжлэх сэдэл гарч магадгүй. Хүн бүрийн санаа, үзэл баримтлалыг харгалзах гэвэл зөв бичих дүрмийн толь хэзээ ч гарахгүй, энэ нь хэзээ ч дуусахгүй маргааны сэдэв байх болно. Ийм учраас олон бүгдээр Төрөөс монгол хэлний зөв бичих дүрмийг албан ёсоор журамлаж байна гэж үзээд энэ толийг мөрдлөг болгох нь өнөөгийн шаардлагад нийцнэ. “Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь” бол хэлний хэрэглээний хувьд үндсэн хууль адил заавал дагаж мөрдөх баримт хэрэглэгдэхүүн юм.“Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” гэж зохиолч Д.Нацагдорж шүлэглэснийг сэтгэлдээ тээн бичгийн соёлоо жигдлэн нэг мөр болгоход монгол хүн бүр хичээн оролцоорой. Мөнх тэнгэрийн хүчин дор монголын бичиг соёл өнө үүрд дэлгэрэх болтугай” гэв.

 

 

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 330 мянган мод тарьж ургуулаад байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилттэй танилцах, эрчимжүүлэх зорилгоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын …