Ж.Батзандан: Б.Булган ял авсан гурван хүнийг танихгүй гэсэн захидал ирүүлсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Засгийн газраас УИХ-д Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн барьсантай  холбоотой  асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнгөрсөн долоо хоногт УИХ-д Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах хуулийг төслийг эрх баригч нам өргөн бариад байна. Захиргааны ерөнхий хуулиас захиргааны шүүхийн хяналтаас Засгийн Газар түүний харьяа байгууллага,орон нутгийн байгууллагуудыг захиргааны шүүхийн хяналтаас гаргах ийм хуулийн төсөл өргөн барьж байна. Энэ бол ардчиллаас ухарч, хүний эрхийг уландаа гишгэсэн, үл ойшоосон алхам. Засгийн газрын байгууллагуудад дураараа авирлах боломжийг олгох гэж байна гэж би харж байгаа юм. Би өнгөрсөн долоо хоногт Монголын өмнөө барих Захиргааны эрх зүй ба Үндсэн хуулийн эрх зүйгээр мэргэшсэн хуульчтай уулзаж энэ асуудлаар ярьж хэлэлцсэн. Хэрвээ Захиргааны Ерөнхий хуульд өөрчлөлт оруулж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг үгүй болгох гэж Захиргааны шүүхийг ажилгүй болгох гэж байгаа  нь хүний эрхийн эсрэг ухралт болно. Засгийн газрын дураараа авирлахыг  дэмжсэн ийм хуулийн төслийг яавч оруулж ирж болохгүй. Хэрэв энэ хуулийн төсөл энэ чигээрээ батлагдвал Монгол Улсад дарангуйлал тогтно. Засгийн газар болон түүний харьяа бүх байгууллагын шийдвэрүүд хяналтаас гарна. Үүнийг Монголын ард түмэн хүлээн зөвшөөрч болохгүй. ” гэв.

Мөн энэ  үеэр  С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар мэдээлэл хийсэн юм.

Тэрбээр“С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотой асуудлаар Олон Улсын парламентын холбооноос хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэсэн мэдээллийг олон удаа хийж байгаа.

С. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт гурван хүн ял аваад өнөөдөр хоригдож байна. Амьд гэрч нь С.Зориг агсны гэргий Б.Булган гэдэг хүн өнөөдрийг хүртэл мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч биш, юу ч биш байдалтай байна. С. Зориг агсны гэргий  Б. Булган өнгөрсөн долоо хоногт Б. Булган Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн  гурван гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүдэд  захидал хүргүүлсэн байна. Энэ захидал нууц биш. Удахгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдана.

Тус захидалд Б. Булган гэдэг хүн “Ял авсан гурван хүнийг танихгүй, хэзээ ч энэ гурван хүнийг би харж байгаагүй ” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл амьд гэрчийн мэдүүлэггүйгээр гурван хүнд ял өгсөн байна. Зөвхөн Ц.Амгаланбаатарын мэдүүлгээр хоёр хүн шоронд өнөөдөр хоригдож байна. Энэ долоо хоногт багтааж Б.Булганаас ирсэн захидлыг бүрэн эхээр нь олон нийтэд танилцуулна. Б.Булганы захидалд ноцтой олон асуудал дурдагдсан байна лээ. Хэргийг шалгаж байгаа болохоор дэлгэрэнгүй ярих боломжгүй байна. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй хэсгийг нь ил болгоно” гэж мэдэгдлээ.

Г.Нараа

 

 

 

 

 

 

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …