Фото: Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Хичээнгүй сайд” хэмээн алдаршсан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойд зориулсан “Монголын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд Б.Цэрэндорж-150” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр Монголын үндэсний музейд боллоо.

Үзэсгэлэн зургаадугаар сарын 13-27-ны хооронд Монголын Үндэсний Музейн түр үзэсгэлэнгийн танхимд толилуулна. Үзэсгэлэнд Б.Цэрэндоржийн амьдрал, туулж ирсэн түүхэн замналтай холбоотой 70 гаруй биет үзмэр, архивын баримт мөн Цэрэндоржийн хүү Юндэн, түүний гэргий Ц.Лхамсүрэн нарын эдэлж хэрэглэж байсан эд өлгийн зүйлсээс дээжлэн үзэгч түмний хүртээл болгож байгаа юм. Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойн үзэсгэлэнд зориулан түүний их үйл хэргийг мөнхжүүлэн хойч үедээ сурталчлан таниулах зорилгоор Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам /БСШУСЯ/, Монголын Үндэсний Музей, Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Архивын Ерөнхий газар, Хичээнгүй сайд сан хамтран гаргаж байгаа аж.

Үзэсгэлэнгийн нээлтэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа оролцож, үг хэллээ. Тэрбээр “2018  онд  бид Монгол төрийн нэрт зүтгэлтэн,  олноо  “Хичээнгүй сайд”  хэмээн алдаршсан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ойг тэмдэглэж байна . Тэрээр бага наснаас бичиг эрдэмд шамдан монгол, манж, хятад хэл бичгийг зэгсэн сайн сурч, тухайн цаг үеийнхээ бичгийн боловсролтой нэгэн байлаа. Тэрээр идэр залуугаас төрийн алба хашсан нэгэн төдийгүй ХХ зууны эхний мөчлөгт Монгол орон, монголчуудын түүхэнд тохиосон олон үйл явдлын гэрч, оролцогч байсан билээ. Үндэсний сэргэн мандалтын эхийг тавьсан 1911 оноос хойш насан элэх хүртлээ Монгол төрийн албанд хоёргүй сэтгэлээр зүтгэж, эрдэм ухаан, хүч хөдөлмөрөө зориулахдаа Ерөнхий сайдын албыг хашиж, төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлон, хууль цаазыг боловсруулж, иргэний боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх, улс орныг батлан хамгаалах үйл хэргийг удирдаж байсан юм. Монгол оронд  Бүгд найрамдах засаглал тогтоох  бэлтгэл ажлыг хангаж, анхдугаар  “Үндсэн хууль”-ийг батлах үйл ажиллагаанд тэргүүлэн оролцож, шинэ Монгол Улсын  эрх зүйн тогтолцоог бүрдүүлэхэд  онцгой  хувь нэмэр оруулсан хүн билээ. Б.Цэрэндорж гуай  эрдэм билэг төгөлдөр нэгэн байж, идэр залуу насандаа хэлмэрч, орчуулагч хийж, улмаар  орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага-Судар бичгийн хүрээлэнгийн  Хүндэт гишүүнээр сонгогдож, ном бүтээл туурвин тусгай  шагнал хүртэж, Монгол Улсын бичгийн гавьяаны тэргүүн зэргийн одонг анх хүртсэнийг бахархан тэмдэглэж байна.  Түүний хийж бүтээсэн бүхнийг нэгэн удаа өгүүлж үл барах тул монголчууд нийгэм, төрийн байгууллаа өөрчлөн шинэчилж, нүүдэлч малчдын орноос орчин үеийн улс болох  суурийг тавилцсан гавьяатан болохыг онцлон хэлмээр байна” гэв.

 

 

Санал болгох мэдээ

Энхийг сахиулагчид Сар шинийн баяраа тэмдэглэлээ

   БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын …