Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүссэн телевизийн нэвтрүүлгээ үзэх боломжтой болно

Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Япон улсын Жайка ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

Уг төслийн хүрээнд харааны болон сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан Япон улсын шинэ технологи болох телевизийн нэвтрүүлэгт хадмал орчуулга болон дохионы орчуулга мөн дуут тайлбар оруулах боломжтой Set Top Box – төхөөрөмжийг танилцууллаа.

Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлогын 4.3т хөгжлийн бэрхшээлтэй нийт иргэдийг мэдээлэл холбоо харилцааны технологийн хөгжлөөр хангах гэсэн заалт байдаг. Гэвч бодит байдал дээр нарийн зохицуулах стандарт дүрэм журам хангалтгүй, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ дутагдалтай байгаа юм. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангах боломжийг нэмэгдүүлэх үүднээс тулгарч буй асуудлын талаар төр, ТББ-ын хамтарсан баг бүрдүүлж мэдээллийн хүртээмжийн үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Энэхүү үнэлгээгээр харааны бэрхшээлтэй иргэдэд Телевизийн мэдээнд дүрс бичлэгийн талаарх дуут тайлбар байхгүй, гэсэн бол сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулагдсан Монголд ганцхан телевиз дохионы хэлмэрчтэй бөгөөд дохионы хэлмэрчийн дүрс жижигхэн учраас харахад хэцүү, хадмал орчуулга байдаггүй гэж үнэлэгджээ.

Үнэлгээний үр дүнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдэд дохионы орчуулга болон үсгэн тайлбар бүхий “ASTEM” ХХК- Set Top Box төхөөрөмжийг нэн тэргүүнд нэвтрүүлэх шаардлагатай гэж үзжээ.

 

А. Энхбаатар: Сонсголгүй иргэд мэдэхийг хүссэн мэдээллээ авч чадахгүй хохирсоор байна

Энэ үеэр Монголын Сонсголгүй иргэдийн үндэсний холбооны ерөнхийлөгч А. Энхбаатар “Монголд 12000 гаруй сонсголгүй иргэд амьдардаг. Бидэнд техник технологи, интернет, телевизэр гээд маш олон асуудлууд тулгарч байна. Сонсголгүй иргэдэд мэдээлэл авах хүртээмж муу байгаа. Сар бүр телевизийн нэвтрүүлэг үзсэн төлбөрөө төлдөг боловч мэдэхийг хүссэн мэдээллээ авч чадахгүй хохирсоор байна. Иймээс сонсголтой иргэдтэй адил мэдээллийг хүртээмжтэй авмаар байна” гэдгээ хэллээ.

С.Тунгалагтамир: Монгол Улсад 103600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байна

ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир “2017 оны байдлаар Монгол Улсад 103600 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэд амьдарч байна гэсэн судалгаа гарсан. Харааны , сонсголын хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй гол асуудал бол мэдээллийн хүртээмж. Хүссэн мэдээллээ шууд хүлээн авах эрх нь хангагдах асуудал сул байна. Энэ асуудалд манай яамнаас холбогдох ажлуудыг хийж байгаа. Тухайлбал, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд зааснаар харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээлэл авах эрхийг нь хангах үүднээс нийгмийн халамжийн сангаас тодорхой хөнгөлөлт үзүүлдэг” гэлээ.

“Жайка”-гийн  төслийн ахлах зөвлөх Чиба Хисао“Олон улсад энэ технологи хэрэгжээд эхэлсэн. Монголд ч хэрэгжих боломжтой. Өөрөөр хэлбэл, бичгэн орчуулга, дохионы орчуулга, дуут тайлбар зэрэг нэмэлт үйлчилгээг телевизийн нэвтрүүлэгтэй зэрэг явуулах юм” гэв.

Set Top Bох төхөөрөмж нь Хадмал орчуулгын үсгийн хэмжээг өөрчлөх,Үсгийн өнгийг солих,Үсгийн арын фоны өнгийг солих,Үсэгт тайлбарыг урсгах,Үсэгт тайлбарын дэлгэцэд гарах хугацааг тохируулах, Дохионы хэлний дэлгэцийн хэмжээг өөрчлөх, Дохионы хэлний арын фоныг өөрчлөх зэрэг давуу талтай аж.

Г.Нараа

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. zocinz says

    Сонголгүй иргэдэд зориулжкиногоо доор нь орчуулж бичиж ыайгааНВО сувагт талархаж байна азибох мобибох гэх Скай г.м суваг орчуулгаа доор нь бичиж байвал сонсголгүй иргэд талархах байх.сонсголын бэрхшээлтэй хүмүүс нь уншиж ойлгодог учир уншихаар ыайх нь зөв шүү

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.