Ч.Галсан: М.Ю. Лермонтов шиг найрагч болно гэдэг байлаа

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Чинагийн Галсантай ярилцлаа.


-Хоёр л зүйл таны хувь тавиланг хөтөлжээ гэж харагддаг. Эхнийх нь төрсөн газар нутаг, нөгөөх нь герман хэл судалсан явдал?

-Би Баян-Өлгий аймгийн Цэнгэлхайрхан суманд төрсөн хүн. Хонин жилтэй. 75 нас зооглох гэж байна. Тува ястан. Тэр үед Цэнгэлхайрхан гэж Монгол Улсын хамгийн баруун талын сум байсан юм. Цэвэр тува сум. Дөрвөн багтай, их газар нутагтай том сум байлаа. Тувачууд түүхэндээ бичиг үсэгтэй байж үзээгүй. Уран зохиолоо ярьж өгдөг болохоор тууль их хөгжсөн. Дуулдаг, шүлэглэдэг ард түмэн. Бичиг бол сайхан. Бичиг хэрэгтэй. Бичиг байхгүй байх бүр сайхан. Яагаад вэ гэвэл бичих юм байхгүй учир маш сайн тогтоож цээжилж сонсдог. Тууль хайлж байхад хүүхдүүд чихээ наагаад сууж байна. Туулийг бадаг, шадаар нь тогтоочихно. Тувагийн тууль дуулж, ярина. (Тувагаар тууль хайлж эхлэв. сурв)

Эртийн эрт цагт

Юм бүхэн эхэлж байх үед

Бөмбөрцөг нь өнхөрч

Чингис нь төрж байх

Тэр цагт юм гэнэ

Уул газрын өвс

Чонын сүүл шиг намирч байсан цаг юм гэнэ

Тал газрын өвс

Үнэгний сүүл шиг ганхаж байсан цагт юм гэнэ

Энэ юм бол

Тэр цагт болсон юм гэнэ билээ хүүхдүүд гэж тууль эхэлнэ. Тийм учраас цээж их сайтай. Харсан юмаа андахгүй, сонссоноо мартахгүй. Би тэгж тууль хайлж, үлгэр сонсч, дуулж сурсан. Миний хамгийн анхны сурсан ухаан бол дуу дуулах. Таван настайдаа дуулж сурсан. Мал хариулж явахдаа бүх юмыг ажиглана. Газар дэлхий, байгаль, үүл, тэнгэрийг уншаад л явна. Бидний уншдаг ном бол байгаль.

Тэгж байтал хасгууд орж ирлээ. Хасгууд Монголын баруун аймгийнхантай их нөхөрсөг харилцаатай байлаа, тэр үед. Орон гэргүй тэнэж явсан хасгуудыг Монголын ард түмэн маш халуунаар хүлээж авсан. Хэн ч байсан сайхан хүлээж авдаг нь нүүдэлчний ёс юм даа. Тэгээд бид хасаг айлуудтай хамт өвөлжиж, зусна. Дотно сайхан харилцаатай. Миний хувьд нэгдүгээрт сурсан гадаад хэл бол хасаг хэл.

Долоо, найман нас хүрч сургуульд орлоо доо. Сургуулийн черта гэж байлаа. Зураас гэсэн орос үг л дээ. Сургууль гэж нэг жижигхээн навтгар модон байшин бий. Тэрийг тойруулж дөрвөлжин хэлбэр гаргаж чулуугаар зураас татна. 500 метр урттай юм уу даа. Тэр черта руу орсон тохиолдолд тувагаар ярих хориотой. Монгол хэлтэй сургууль учраас монгол хэлээр ярих ёстой. Тэгтэл багш нар нь бүгд тува. Зун манайд ирж хонож өнжиж, надаар морь, малаа авахуулж байсан ах нар чинь манай багш нар болчихсон байдаг. Би тэр жил сар гарны дараа аравдугаар сарын дундуур хичээлдээ сууж эхлэв. Ах, эгч хоёр минь сургуульд явдаг байсан болохоор тэдний ном, дэвтэр рүү өнгийсөөр байгаад бичиг, үсэг сурчихсан байсан юм. Даанч монгол хэл байдаггүй. Тэгээд ангидаа орлоо доо. Хир тос болчихсон, тарвага, зурамны цус, тостой салбархай тэрлэгтэй. Тэр үед эрэгтэй хүүхдүүд алчуурыг хойноо уядаг. Охид эрүүн дотороо зангиддаг байлаа.

-Цагаан өнгийн алчуур уу?

-Эрээн даавуун алчуур. Настай эрэгтэй хүмүүс алчуурыг магнай дээр зангидаж уяна. Одоо үед урлагийнхан тэгж алчуур зангиддаг мода байх шиг байна. Алчуураа өвөртлөөд орлоо. Олон хүүхэд жирийгээд сууж байна. Тэгтэл надаас багш нэг юм асуулаа. Тэгэхээр нь “Юу гээд байгаа юм, ах аа” гэж тувагаараа асуулаа. Тэгтэл нэг хүүхэд “Нэрийг чинь асууж байна. Энэ хүнийг ах аа гэхгүй. Энэ хүн чиний багш” гэж байна. Тэгтэл багш өвөр рүү минь зааж бүсээ тайл гэж байна. Бүсээ тайлтал модон шалан дээр нэг юм тогхийгээд уналаа. Хартал гаанс минь.

-Гаанс аа?

-Далны ясан гаанс. Тамхи татдаг байсан юм. Гэхдээ тамхичин биш. Уушгилаж татахгүй, утааг нь үлээгээд л сууна. Миний тамхи гэж юу байх вэ. Элдэв ургамал татаад, сүүлд туулайн баас татсан юм даг. Туулайн баас чинь хаа ч очиж хамгийн амттай нь байдаг юм шүү. Алтан шар өнгөтэй, хэвлэчихсэн юм шиг жижиг хээтэй. Имэрч байгаад гаансандаа хийгээд татахад гоё гэж жигтэйхэн. Би зогсоо зайгүй татна. Утааг нь залгихгүй. Ингээд гаанс, ууттай туулайн баасаа багшдаа хураалгачихлаа. Манай ангийн Ишгей (Ишгэн) гэж охин надад багшийн ярьсныг орчуулж өгнө. Багш миний нэрийг асуухаар нь Журук-Уваа гэлээ. Тэгтэл хүүхдүүд нирхийтэл инээлдлээ.

-Журук-Уваа гэдэг нь ямар утгатай юм?

-Хөдсөн Маамуу гэж байгаа юм (инээв). Багш “Ийм нэр болохгүй ээ” гэж байна.

-Гэрийнхний тань дууддаг нэр байж л дээ?

-Тийм, тийм. Одоо ч нутагтаа очиход намайг Журук-Уваа гэнэ л дээ. Багш маань монгол нэр олж ирж гэлээ. Ээжийн маань ээж их номтой, цээж сайтай хүн байсан юм. Эмээ “Галдан гэдэг нэртэй бол” гэв. Галдан бошигтыг бодож л дээ. Ингээд би Галдан гэдэг нэртэй боллоо доо. Маргааш нь хичээлдээ очлоо. Намайг хамгийн урд талын ширээнд суулгалаа. Багш надаас нэрийг минь асууж байна. Тэгтэл би эмээгийнхээ өгсөн нэрийг мартчихаж. Гал…Гал…Гал…юу билээ гээд бодлоо. Сургуулийн үүдээр орж ирэхэд сургуулийн манаач өвгөн Улаан нүдэн Галсан тааралдсан юм. Тэр хүн санаанд ороод Галсан! гээд хэлчихсэн чинь багш “За боллоо” гээд бичээд авчихав. Ингэж Галсан гэдэг хүн долоо, найман насандаа анх төрсөн нь тэр.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Холбоотой мэдээлэл
3 Comments
  1. Зочин says

    Уваа гэж баруун монголчууд насаар ахмад эмэгтэй хүнийг одоо болтол авгайлдаг. Зарим газар Жуужаа, зарим газар Жаажаа, Ажаа, Адиа гэх мэтээр авгайлдаг. Авгайлна гэдэг маань хүндэтгэн дуудах гэсэн үг. Абугайлах. Абугай буюу авгай гэсэн нь орчин цагийн англи хэлний Mister, Mr гэсэнтэй ижил. Бидний түгээмэл ойлгодог Авгай бол угтаа Абахай /авхай/ буюу нас тогтсон буюу язгууртан эмэгтэйг хүндэтгэн дуудаж буй. Хувьсгалт шилжилтийн үед уламжлалт ёсыг феодалын суртал хэмээн зориуд дарж хүчээр мартуулсан тул дараа үеийнхэн нь ингэж будилж төөрөлдөх болжээ. Мөн харь хэлнээс орж ирсэн үгс монгол хэлд нутагшсан байх нь түгээмэл. Ногооны нэрс их төлөв хятад үгс байна. Түүнчлэн түмпэн, чамин, ганган, буу, бүү, хоолны нэрс гэх мэт хятад үгс зөндөө. Юндэн гөөгөө гэсэн нь Юндэн ах гэсэн хятад үг. Дуншаа гөөгөө гэсэн ардын дуу нь Зүүн уулын ах гэсэн утгатай. Сийлэн Бөөр гэгч дуу нь янаг хүүхэн Сийлэнгийн тухай дуу болно. Төвдөөр идэр насны бүсгүй, янаг амрагийг хэлж байна. Угтаа мань мэт нь эхнэрээ “хайраа” гэхийн оронд “бөөр өө” гэсэн шиг юм. Байцай гэх нэршил нь хүрээний үед завхай явдалтай хүүхнүүд, эм бэлгэ гэх мэт шилжсэн утгатай байв. “Ум зандан ширээ” гэх дуу нь маш завхай утгатай бөгөөд чухам л залуу бүсгүйчүүдээр удаа дараалан зугаа гаргаж асан нэгний сэдэлтэй шалиг бүтээл юм. Давхар голтой байцайнууд нь жинхэнэ байцай биш бөгөөд өөр “байцайг” угсруулан өрж дарсан гэсэн агуулга нь одоогоор бол групэн секстэй дүйхүйц утгатай юм. Ум зандан ширээ бол угтаа үүл борооны үндсэн байрлалаар харагдах эмэгтэй хүний хэвлий хэсгийг нэрлэсэн байж болно. Хуучин найруулгад эмэгтэй хүний хэвлийг “зандан ширээ”, “цагаан тохой” гэх мэтээр шилжүүлэн нэрлэж байжээ. Галсан гуайн хуучаас санаа авч хуучин найруулга, хэлний зарим хэрэглээний талаар иймэрхүү маягаар бичиж болж байна. Энэ талаар бид анхаарч явахгүй бол ирээдэй хойч маань нэг л мэдэхэд “гамбирцаг”, “ёворцог”-ийн дараагийн онигоог төрүүлж баяр ёслолоороо “умаа аа зандан аа шиииийрээ байна аа хөө өөө” гэж дуулалдсаар л байх болов уу.

    1. Зочин says

      Нэмэрт нь хэлэхэд бид хятад үгс байна гээд гадуурхаж түүнийг орчуулах гэж гамбирцаг ёворцогтоо тулах хэрэггүй юм. Хэлний шинжлэл гэдэг бол түүхийн нэгэн адил шинжлэх ухаан мөн. Түүнээс үндсэрхэх үзлийн хэрэглүүр биш. Гол нь үг нэг бүрийг бид судлан шинжилж хаанаас үүсэлтэйг нь тэмдэглэж үлдээх ёстой юм. Түүнээс лууван луувангаараа, комьпютер комьпютерээрээ, пица пицагаараа л үлдэнэ. Туулын голын нэр бол түрэг гаралтай үг гээд л үр хойч маань таньж байх ёстой. Түүнээс Туулыгаа жинхэнэ монгол үгээрээ нэрлэнэ гээд л үндсэрхээд байж болохгүй. Бас “тооцоолон бодох электрон машин”-ы онигоог үргэлжлүүлэх хэрэггүй. Урлагийг ч гэсэн бид тэр хэмжээнд л баримжаалах ёстой. Тэгэхгүй бол нэг л мэдэхэд “дуурь монголоос үүссэн” гэсэн шинэ онигоо гарах болно. Утга зохиол ч бас ялгаагүй.

  2. Anonymous says

    Их хэрэгтэй мэдээлэл мэдлэг байна.

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.